“Ковид-19” цар тахал усны эрэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ?


УСНЫ ЭРЭЛТЭД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ

Ковид-19 цар тахал дэлхийн бүхий л улс оронд эрүүл мэнд, эдийн засгийн асар их ачаалал үүсгэж, амин чухал усны салбараас эхлээд цар тахлын нөлөөнд өртөөгүй нийгмийн салбар ч үлдсэнгүй. Коронавируст цар тахлын усны салбарт үзүүлэх нөлөөллийг бүрэн тооцоолоход эрт байгаа ч хот, суурины усны эрэлтэд илэрхий өөрчлөлтүүд ажиглагдаж эхлээд байна.

Тоо баримтуудаас харахад хүн амын унд, ахуйн хэрэглээний усны эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэл, арилжааны зориулалттай усны эрэлт буурсан үзүүлэлттэй байна. Жишээ нь, Английн Портсмаутад хөл хорионы хугацаанд унд ахуйн хэрэглээний усны эрэлт 15 хувиар өссөн бол арилжаа, үйлдвэрлэлийн зориулалттай усны эрэлт 17 хувиар буурчээ. Үүнтэй адил Калифорни мужийн Сан Францискод унд, ахуйн хэрэглээний усны эрэлт 10 хувиар өсч, бусад хэрэглээнийх 32 хувиар буурсан байна.  

"Тоо баримтуудаас харахад хүн амын унд, ахуйн хэрэглээний усны эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэл, арилжааны зориулалттай усны эрэлт буурсан үзүүлэлттэй байна."

 

Эдгээр өөрчлөлт нь нэг талаараа цар тахлын хугацаанд хүмүүсийн ажлын байр, зоогийн газар, фитнесст өнгөрүүлэх хугацаа багасч, гэртээ байх, тэр дундаа хоол хийх, аяга таваг угаах, шүршүүрт орох, ариун цэврийн өрөө хэрэглэх хугацаа нэмэгдсэн зэргээс үүдэлтэй. Түүнээс гадна эмнэлгийн байгууллагууд, зарим нэг хүнсний үйлдвэрлэлийг эс тооцвол усны хэрэглээ өндөртэй эдийн засгийн бусад олон чухал салбар үйл ажиллагааны цар хүрээгээ хумисан, эсвэл бүр бүрэн зогссонтой холбоотой.

Ковид-19 цар тахлын усны нийт эрэлтэд үзүүлж буй нөлөөлөл нь тухай тухайн газар орны хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл арилжааны зориулалттай усны хэрэглээний харьцаа, үйл ажиллагаа эрхэлж буй үйлдвэрлэлийн салбар, аж ахуйн нэгжийн төрөл, тооноос шалтгаалаад улс орон, бүс нутагт бүрт ялгаатай байна. Ихэнх газарт, тэр дунд Массачусетсын Бостон, Техасын Остин зэрэг томоохон метрополис хотуудад унд, ахуйн болоод үйлдвэрлэл, арилжааны усны эрэлт нь нийтдээ буурсан үзүүлэлттэй байгаа бол үйлдвэрлэл, арилжааны усны хэрэглээ багатай газруудад усны эрэлт бага зэрэг өссөн, эсвэл маш бага хэмжээгээр буурсан байгаа юм.

ЭРЭЛТЭД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛҮҮД 

Цар тахлын хөл хорио, бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зогсонги байдлаас улбаалан усны эрэлтийн төвшин, хэв маягт гарч буй гэнэтийн өөрчлөлтүүд усны чанар, хэрэглэгчийн усны төлбөр, усны үйлчилгээний байгууллагуудын орлого, цэвэр болон хаягдал усны байгууламжийн үйл ажиллагааны нөхцөлд дараах байдлаар сөрөг нөлөө, цохилт үзүүлэх магадлалтай байна. Үүнд:

Усны чанар: Хэвийн нөхцөлд халдваргүйжүүлсэн цоргоор урсч буй усны тогтмол урсгал нь усыг зэв, ууссан минерал, нянгаар бохирдохоос сэргийлдэг. Харин усны систем хэдэн долоо хоног, эсвэл хэдэн сараар идэвхгүй байх, эсвэл зогсох үед усан дахь хлор зэрэг халдваргүйжүүлэгчид нь сарниж үгүй болдог. Тиймээс барилга, байгууламж, усны системийг хэвийн ажиллагаанд эргүүлэн оруулахын өмнө хөгц, ууссан хар тугалга болон бусад металл, халдваргүйжүүлэлтийн дайвар бодисуудын учруулж болзошгүй эрсдэлийг анхаарч үзэх ёстой. Олон үйлдвэр, барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгчид эдгээр эрсдэлийг, мөн эрсдэлээс сэргийлэхийн тулд арга хэмжээ авах ёстой мэддэггүйн дээр урт хугацааны зогсолтын дараа барилга байгууламжийг хэрхэн аюулгүйгээр эргүүлэн ажиллагаанд оруулах асуудлыг зохицуулах үндэсний, эсвэл үйлдвэрийн төвшний албан ёсны хууль, эрхзүйн зохицуулалт ч байхгүй байна.  

Хэрэглэгчийн усны төлбөр: Усны хэрэглээнд гарч буй өөрчлөлт хэрэглэгчийн төлбөрийн хэмжээнд мэдээж нөлөөлнө. Гэхдээ усны төлбөрт суурь үнэ ямар ч тохиолдолд багтдаг тул хэрэглээний хэмжээнээс хамаарч гарах өөрчлөлт тийм ч их биш байх талтай. Жишээ нь, хэрэглээ 10 хувиар нэмэгдсэн ч төлбөрийн нэмэгдэл 10 хувиас багаар тооцогдоно. Мэдээж жирийн үед ч төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байдаг, эсвэл тахлаас үүдэн ажлын байраа алдсан хүмүүсийн хувьд бага ч гэсэн нэмэгдэл хүндээр тусна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа нь хумигдаж, усны хэрэглээ буурснаар зардал нь хэсэг хугацаанд багасах боловч энэ хэмнэлтээс багагүй хэсэг нь усны суурь үнийн төлбөрт явчихна, үйл ажиллагаа нь зогссон бол үүнээс илүү асуудал дагуулна.

Усны үйлчилгээний байгууллагуудын орлого: Цар тахлын үед усны нийт эрэлт буурснаар усны үйлчилгээний байгууллагуудын орлого буурна. Орлогын алдагдлаас гадна төлбөрийн үлдэгдэл, хоцрогдол нь хүндрэлийг нэмэгдүүлнэ. АНУ-ын усны үйлчилгээний байгууллагуудын дунд хийсэн цар тахлын үеийн судалгаагаар зарим байгууллага гол үүрэгтэй ажилтнууддаа илүү цагийн болон аюултай нөхцөлд  ажиллаж буйн нэмэлт цалин олгох, онцгой нөхцөл байдалд ажиллах сургалт явуулах, болон зарим тодорхой хангамжуудад нэмэлт мөнгө төсөвлөх зэргээр бусад үеэс илүү зардал гаргаж байгааг харуулж байна. Түүгээр ч зогсохгүй зарим мужид төлбөрөө төлөөгүй болон хоцроосон хэрэглэгчдийн усыг таслахыг түр хугацаагаар хориглосон нь усны үйлчилгээний байгууллагуудын орлого буурахад мөн нөлөөлж байна. Ялангуяа орлогын алдагдлыг шингээж сааруулах үйлчлүүлэгчдийн багтаамж багатай жижиг үйлчилгээний байгууллагуудад нөлөөлөл илүү хүндээр тусах өндөр магадлалтай байна.

Цэвэр ба бохир усны системийн үйл ажиллагаа: Усны нийт эрэлтэд гарсан өөрчлөлт ялимгүй бага байлаа ч усны системд гарсан өөрчлөлтүүд анхаарал татахуйц байна. Хойд Каролина дахь “Кэйп Фийр” нийтийн аж ахуйн удирдах газрын хувьд, үйл ажиллагаа явуулдаг нийт бүсийн усны эрэлт ердөө гурван хувь буурсан боловч тус бүсийн хүн ам шигүү суурьшсан хэсгүүдэд үйлчилгээ үзүүлж буй хоёр дэд системийн усны эрэлт 25 ба 36 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн бизнес, аж ахуйн нэгжүүд нь үүд хаалгаа нээж, эрүүл ахуй, ариутгалын арга хэмжээ авч эхлэхэд, мөн агаарын температур нэмэгдэж, халахын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэж болзошгүй. Усны хэрэглээний ийм огцом өөрчлөлтүүд системийн сул талыг улам дордуулах, эсвэл далд үүсч байсан асуудлуудыг илрүүлэх талтай. Ажлын байран дээр цөөн тооны ажилтантай, цахимаар ажиллах горимд шилжсэн болон Ковид-19 цар тахалтай холбоотой бусад өөрчлөлтүүдэд дасан зохицож буй энэ үед эдгээр асуудлыг зохицуулах нь бүр ч амаргүй байж болох. Жижиг ус хангамжийн системүүдийн хувьд угаас цөөн оператортай ажилладаг тул  илүү хүнд тусах эрсдэлтэй.

Эдгээр нөлөөллийн зарим нь түр зуурынх буюу хөл хорио тогтоосон, аж ахуйн нэгжүүдийг хаасан үед л хамаатай. Гэвч цар тахлын тархалтыг хяналтад авч чадахгүй, ажилгүйдлийн төвшин өндөр хэвээр, хүмүүс гэрээсээ ажилласаар, эсвэл эдийн засагт илүү ноцтой өөрчлөлт гарах тохиолдолд үр дагавар нь урт хугацаанд үргэлжлэх нь дамжиггүй.

Цар тахалтай холбоотой таамаглах боломжгүй олон хүчин зүйл одоо ч байсаар. Жишээлбэл, цар тахлын цар хүрээ, үргэлжлэх хугацаа, өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн усны системүүдэд гарах нөлөөллийн хэмжээ, эдгээр нөлөөллийн эсрэг авч буй арга хэмжээний үр нөлөөг таамаглахын аргагүй. Юу ойлгомжтой байна вэ гэвэл бид илүү хурдан хувьсах, тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулаад байна. Ирээдүйд Ковид-19  цар тахлаас эхлээд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ган гачиг, үер усны аюул гээд юу ч тулгарч болзошгүй. Цар тахал, хөл хориотой холбоотойгоор үйл ажиллагаа нь урт хугацаанд зогсонги байсан ямар нэг барилга байгууламжийг хэвийн ажиллагаанд эргүүлэн оруулахдаа усны чанар аюулгүй байдлын эрсдэлийг тооцож, шуурхай арга хэмжээ шаардлагатай бол, ямар ч нөхцөлд цэвэр, бохир усны үйлчилгээг тасалдалгүй явуулахын тулд усны үйлчилгээний байгууллагуудын санхүүгийн болон үйл ажиллагааны тогтвортой байдал, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд байнгын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

УРТ ХУГАЦААНЫ ЗОГСОЛТЫН ДАРАА БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ЭРГҮҮЛЭН ОРУУЛАХАД УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ

   - Цар тахлын хөл хорионоос үүдсэн урт хугацааны зогсолтын дараа барилга байгууламжийг хэвийн ажиллагаанд эргүүлэн оруулахын өмнө үйлчилгээ хариуцсан ажилчид болон менежерүүд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс урьдчилсан байдлаар усны чанарын аюулгүй байдлыг шалган нягталж, эрүүл ахуйн стандартад нийцсэн чанарыг хангах хэрэгтэй. Усны аюулгүй байдлыг хангахын тулд авсан арга хэмжээнийхээ талаар мэдээллийг тухайн барилга байгууламжид ажиллах, ажил үйлчилгээ явуулах хүмүүстэй хуваалцах хэрэгтэй.

   - Урт хугацааны зогсолтын дараа бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийн өмнө усны үйлчилгээний байгууллагууд санаачилга гарган хувийн болон улсын байгууллагуудтай холбогдож, усны чанар, аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангах нь зүйтэй. Хойд Америкт, Америкийн Усны Ажлын Холбоо (AWWA), Канадын цэвэр бохир усны холбоо, CDC, АНУ-ын EPA болон бусад байгууллагууд тодорхой арга хэмжээнүүдийн заавар, олон нийтийг хамарсан зөвлөмжүүд гаргасан байдаг.

"Урт хугацааны зогсолтын дараа бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийн өмнө усны үйлчилгээний байгууллагууд санаачилга гарган хувийн болон улсын байгууллагуудтай холбогдож, усны чанар, аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангах нь зүйтэй."

 

   - Хувийн усны системтэй барилга байгууламжууд мөн хамгаалалтын арга хэмжээг авах хэрэгтэй. Зарим сургууль, зоогийн газар, сүм хийд, амралт сувиллын газрууд зэрэг хувийн усны системтэй байгууллагууд төв болон мэргэжлийн байгууллагуудтай холбоо барьж, мэдээ мэдээлэл солилцоорой.

   - Засаг захиргааны байгууллагууд техникийн мэдлэг, санхүүгийн эх үүсвэрийн боломжоор хязгаарлагдмал бүлгүүдэд онцгойлон анхаарч, хүрч ажиллах нь чухал. Үүнд хөдөө орон нутаг дахь бага оврын усны системүүдтэй иргэд, эмзэг бүлгийн иргэд, уугуул иргэд, бусад усан хангамж, усны чанарын байнгын асуудалтай тулгардаг бүлгүүд багтана.

УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРЫГ  НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

   - Усны үйлчилгээний байгууллагууд ямар ч нөхцөл байдал, цаг үед илүү тогтвортой,  ухаалгаар дасан зохицох төлөвлөгөөнүүд боловсруулах тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ийм төлөвлөгөө нь уламжлалт төлөвлөлтийн арга барилаас илүү өргөн хүрээний эрсдэл, тэр дундаа цаг уурын гамшигт нөхцөл байдал, Ковид-19 цар тахал зэрэг эрүүл мэндийн холбогдолтой аюул занал, гол дэд бүтцийн үйл ажиллагааны доголдол зэрэг эрсдэлд бэлэн байх, даван туулах,  сөрөг нөлөөллийг бууруулах боломжийг усны үйлчилгээний байгууллагуудад олгодог.  

"Усны үйлчилгээний байгууллагууд ямар ч нөхцөл байдал, цаг үед илүү тогтвортой,  ухаалгаар дасан зохицох төлөвлөгөөнүүд боловсруулах тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй."

 

   - Усны үйлчилгээний байгууллагууд болон тухайн хот, суурины захиргаа нь усны салбар дахь дижитал мониторинг болон үйл ажиллагааны технологиудын хэрэглээний цар хүрээ, хүртээмж, хурдыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ийм технологиудын тусламжтайгаар далд үүсч буй асуудлыг урьдчилан илрүүлж мэдэх, цөөн тооны ажиллах хүчний боломжтой, иргэд хоргодох байранд орох шаардлагатай онц байдал үүссэн нөхцөлд хүртэл гол чухал системүүдийн аюулгүй ажиллагааг тасралтгүй хангах боломжтой.

   - Усны үйлчилгээний байгууллагууд үнэ тарифын болон санхүүгийн бодлогоо идэвхтэй шинэчилж байх хэрэгтэй. Цар тахлын үед шууд нөлөөллийг бууруулах зорилгоор үнийн бодлогыг өөрчлөх нь тийм үр дүнтэй алхам биш байж болох ч өөрчлөлтүүд хийх нь урт хугацаандаа эдийн засаг сөрөг нөлөөллийг бууруулах, ирээдүйд нүүрлэх хямралд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй байж болох юм. Түүнээс гадна төсөвт суурилсан, эсвэл шаталсан тарифын бодлого, гамшгийн нөхөн олговор, бэлэн мөнгөний нөөц зэрэг бусад стратегийг мөн тооцож үзэх хэрэгтэй.

"Усны үйлчилгээний байгууллагууд үнэ тарифын болон санхүүгийн бодлогоо идэвхтэй шинэчилж байх хэрэгтэй."

 

   - Усны үйлчилгээний байгууллагууд бизнесийн доголдлоос хамгаалах даатгалын үйлчилгээнд хамрагдах талаар судлах хэрэгтэй. Арилжааны чанартай даатгалын бүтээгдэхүүнүүд тахлын улмаас тулгарсан бэрхшээлийг гүйцэд шийдвэрлэхгүй байж болох ч цаашдын үйл ажиллагаанд дам нөлөөлөл, тасалдал үүссэн тохиолдолд ерөнхий нөхцөлүүдийг хэлэлцэж тохиролцох боломжтой.

   - Засгийн газрууд болон олон улсын тусламжийн байгууллагууд санхүүгийн тусламж, тусламжийн хүртээмжээ нэмэгдүүлэх ёстой. Санхүүгийн туслалцаа нь нэн-хэрэгцээтэй нийтийн аж ахуйн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хэвийн хадгалж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих ач тустай. Энэ төрлийн тусламж, санхүүжилтүүдийг юун түрүүнд усны үйлчилгээний байгууллагуудын тогтвортой байдал, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилготой, мөн аюулгүй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн дутагдалтай эмзэг бүлгүүдэд хүрч үйлчлэх зорилготой төслүүд болон ус хангамжийн үйлчилгээний жижиг системүүдэд хуваарилах хэрэгтэй.   

Эх сурвалж:

Номхон далайн хүрээлэн

https://pacinst.org/how-the-coronavirus-pandemic-is-affecting-water-demand/https://iwa-network.org/

Монголын МСС-ийн Олон нийттэй харилцах багаас орчуулан хүргэж байна.