Компакт гэрээ


Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм.

Талууд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван томоохон төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулна. 

Үүнд:

1. Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын баруун доод хэсэг Биокомбинат, Шувуун фабрик орчимд газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийн хамт байгуулах төсөл.

2. Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, гурав болон дөрөвдүгээр ДЦС-д нийлүүлэх үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл.

3. Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчин, институцийн чадавхыг сайжруулах төсөл.

Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 80 хувиар нэмэгдүүлж, нийслэл Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн усны хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох юм. 

Компакт гэрээг бүрэн эхээр нь доорх холбоосоор татаж үзнэ үү. 

Компакт гэрээ Folder