Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа


Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах улмаар Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх бөгөөд энэ хүрээнд усны салбарын институцийн тогтолцоо, хууль эрхзүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа нь дараах 5 дэд үйл ажиллагаанаас бүрдэнэ. Үүнд:

1. Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаа

Энэхүү дэд үйл ажиллагааны хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд (ХСУХАТАҮЗЗ) техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд ингэхдээ ус хангамжийн сайжруулсан үйлчилгээнд ус хэрэглэгчдийн төлөх төлбөрийн чадвар, төлбөр төлөх эрмэлзлийг нарийвчлан үнэлж, уг үнэлгээнд тулгуурлан цэвэр, бохир усны тарифын бүтцийг нарийвчлан судална. Түүнчлэн, үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, элэгдэл хорогдлын зардлыг бүрэн нөхөх чадварыг бий болгох тарифын хувилбаруудыг хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулахад туслалцаа үзүүлнэ.

2 Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа

Энэхүү дэд үйл ажиллагааны хүрээнд ус түгээх байраар дамжуулан Улаанбаатар хотын гэр хороололд ус хангамжийн үйлчилгээг хүргэхэд УСУГ-аас зарцуулдаг өндөр зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулж, цагийг уртасгах үүднээс шугамд холбогдсон энгийн ус түгээх байрыг "ухаалаг" буюу автомат ажиллагаанд шилжүүлэх, УСУГ-ын зөөврийн ус хангамжийн машины ус түгээхэд зарцуулдаг хугацаа, туулдаг зайг багасгах зорилгоор ачилтын ус түгээх байр нэмж барих зэрэг ус түгээх, борлуулахад гарах шууд зардлыг бууруулах зорилго бүхий ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Түүнчлэн, нийслэлийн хэмжээнд гэр хорооллын ус хангамжийн дэд бүтцийг өргөжүүлж, хөгжүүлэх асуудлаар УСУГ болон нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоо, төлөвлөлт, уялдаа холбоог сайжруулахад туслалцаа үзүүлнэ.

3 Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагаа

Энэхүү дэд үйл ажиллагаа нь ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, харьцуулалт хийхэд зориулж Олон улсын усны ассоциацаас боловсруулсан олон улсын "AquaRating" үнэлгээний аргачлалыг ашиглан УСУГ-ын үйл ажиллагааны чадавхыг тодорхой чиглэлүүдээр сайжруулах зорилготой. Энэ хүрээнд, УСУГ-ыг үйл ажиллагааны хувьд ижил төстэй, нийтлэг бэрхшээл бүхий, хөгжингүй орны, өндөр туршлагатай ус ашиглалтын байгууллагатай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтооход шаардлагатай санхүүгийн туслалцааг үзүүлнэ. Түүнчлэн, УСУГ-ын үндсэн хөрөнгөө захиран зарцуулах, төлөвлөх болон ашиглалт, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, тэрхүү дүн шинжилгээ хийсэн мэдээллийг оновчтойгоор ашиглах чадварыг сайжруулахад чиглэсэн тодорхой тусламжийг үзүүлнэ. 

4 Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах дэд үйл ажиллагаа

Энэхүү дэд үйл ажиллагаа нь шинэ төв цэвэрлэх байгууламж баригдаж, ашиглалтад орохоос урьтаж нийслэлийн хаягдал ус татан зайлуулах систем дэх үйлдвэрийн бохирдлын түвшинг бууруулах зорилготой. Энд үйлдвэрийн хаягдал усны эх үүсвэрийг тодорхойлох, ийнхүү тодорхойлоход шаардлагатай загварчлалыг боловсруулах, хаягдал усны стандартыг сайжруулах, зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлагыг чангатгах зэрэг арга хэмжээ багтана. Түүнчлэн, усны бохирдолд хяналт тавих, илрүүлэх, ус бохирдуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс лабораторийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж, техникийн туслалцаа үзүүлнэ. 

5 Олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа

Энэхүү дэд үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод нүүрлэж буй усны нөөцийн хомстлын талаар болон байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар ус олборлох, ашиглахтай холбоотой бодит өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор холбогдох талууд, олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.