Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулан 4600 гаруй шоо километр ус олборлож буйгаас 69 хувийг нь хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд, 19 хувийг нь аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг нь хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж байна.
Хүн амын хурдтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр усны хэрэглээ жил бүр эрчимтэй нэмэгдэж байна. Жишээ нь, 2050 гэхэд дэлхийн хүн амын тоо 9.8 тэрбумд хүрч, усны хэрэглээ өнөөгийнхөөс даруй 20-30 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ (НҮБ 2019). Хүн амын өсөлт аж үйлдвэржсэн орнуудын хувьд нэг хувиас доош байхад хөгжиж буй орнуудын хувьд хоёр хувь, Африк, Ази, Ойрхи Дорнодын зарим оронд гурван хувиас давж байна. Үүнээс үзэхэд дэлхийн хүн амын өсөлтийн 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад ажигладахаар байгаа юм (НҮБ, 2003).
Түүнчлэн хотжилт эрчимтэй явагдсанаар цэвэр усны хүртээмжийн тэнцвэр алдагдаж, хүн ам болон цэвэр усны нөөцийн жигд биш тархалттай холбоотойгоор ойрын хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн олон улс оронд цэвэр усны нөөцийн хомсдол нүүрлэх төлөвтэй байна. 1950 онд 10 саяас дээш хүн амтай цорын ганц хот нь Нью-Йорк байсан бол 2019 онд энэ тоо 45 болж, хотын хүн амын тоо 4.2 тэрбумд хүрээд байгаа бол 2050 он гэхэд дахин 2 тэрбумаар нэмэгдэх төсөөлөл гарчээ.
Улмаар дэлхий даяараа усны нөөцөө үр ашигтайгаар удирдах томоохон сорилттой тулгараад байна. Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл дэлхийн ДНБ-ий 45 хувь, хүн амын 52 хувь, үр тарианы үйлдвэрлэлийн 40 хувь нь эрсдэлд орохоор байгаа аж.
Аливаа улс орны хувьд нэг хүнд ногдох жилийн ундны ус хангамж 1000 шоо метрээс доош байвал усны гачигдал нүүрлэсэнд тооцогддог. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, дэлхийн 30 оронд усны хомсдол нүүрлээд байгаагаас 21-д ноцтой хомсдолд оржээ. Энэ байдал цаашид дэлхий даяар, ялангуяа хөгжиж буй орнуудад даамжрах төлөвтэй байгаа аж.
Дэлхий нийтийн туршлагаас харахад усны хомсдол нь хоол хүнсний гачигдал, уснаас үүдсэн бүс нутгийн чанартай мөргөлдөөнүүд, эдийн засгийн өсөлт удаашрах, байгаль орчны доройтол зэрэг олон хямралын эх үүсвэр болж байдаг. Иймээс ойрын жилүүдэд цэвэр усны хүртээмжийг сайжруулах нь улс орнууд, дэлхий нийтийн нэн тэргүүнд анхаарал тавих, шийдвэрлэх асуудал болоод байна. Энэ асуудлын нэг шийдэл нь хаягдал усыг боловсруулж эргүүлэн ашиглах явдал юм.
Өөрөөр хэлбэл, унд-ахуйн хэрэглээнээс бусад хэрэгцээнд тодорхой хэмжээнд цэвэршүүлсэн хаягдал усыг ашиглаж өндөр чанартай цэвэр усны эрэлтийг бууруулах замаар усны нөөцийн зохистой менежментийг хангах гэж үзэн 1970-аад оноос анх хаягдал усыг дахин ашиглаж эхэлсэн байдаг. Өнөөдөр дэлхийн олон орон унд-ахуйн хэрэглээнээс бусад усны хэрэгцээгээ ус дахин ашиглах замаар хангах бодлогыг барьж байна.
Ус дахин ашиглалтын сонирхолтой түүхэн баримтууд
- МЭӨ 3000 он Грекийн Крит хот-Минойны соёл иргэншлийн үед ахуйн хэрэглээний бохир усыг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд ашиглаж байжээ
- МЭ 97 он Италийн Ром хот-Ром хотын анхны усны зохицуулагчаар инженер Секст Юлий Фронтин томилогдож байжээ
- 1500, 1700 он Герман, Их Британи- Бохир ус зайлуулах системийг ашиглаж эхлэв
- 1800-1850 он Франц, Англи, АНУ-Ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг Парист 1880 онд, Лондонд 1815 онд, Бостонд 1833 онд анх удаа хуульчлав
- 1875-1900 он Франц, Англи-Натрийн гипохлоритыг ус халдваргүйжүүлэхэд ашиглаж эхэлсэн.
- 1890 он Мексик улс Мехико хот-Ахуйн хэрэглээний бохир усыг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд ашиглах ус дамжуулах хоолойг барив. Цэвэрлээгүй болон анхан шатны цэвэрлэгээ хийсэн усаар 90 орчим мянган га тариалангийн талбайг усалж байв.
- 1906 он АНУ-ын Нью Жерси хот-Хлорыг халдваргүйжүүлэхэд ашигласан.
- 1926 он АНУ-Гранд Кэньон Үндэсний паркт цэвэрлэсэн бохир усыг 00 ус татахад, цэцэрлэгийн усалгаа, хөргөлтөд ашиглаж эхэлсэн.
- 1955 он Япон- Токио ариун цэврийн байгууламжийн ашиглалтын товчоо аж үйлдвэрийн усны хэрэгцээг Микиямагийн ус цэвэрлэх үйлдвэрээс хангаж эхлэв.
- 1968 он Намиби-Уиндхокийн Горьенгабын далайн ус цэвэршүүлэх үйлдвэрээс унд ахуйн хэрэглээнд шууд ашиглах боломжтой усыг нийлүүлж эхэлсэн.
- 2000 он Сингапур улс- “Шинэ ус” гаргах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. “Шинэ ус” гэдэг нь бохир усыг дэвшилтэт технологиор гүн цэвэршүүлэн гаргаж авсан ундны усыг хэлдэг.