Агаараас ундны ус үйлдвэрлэгч

 

Wfa6

Тус компанийн бүтээсэн том оврын генератор өдөрт агаараас 5000 литр хүртэлх хэмжээний цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай

Израилийн “Watergen” компани агаараас ундны цэвэр ус үйлдвэрлэх нэгэн шинэ технологийн дэвшлийг усны салбарт нэвтрүүлжээ. Усны салбарын бас нэгэн хувьсгал хэмээн тооцож болох энэхүү “агаараас ус үйлдвэрлэгч”-ийн гол цөм нь “GENius” дулаан солилцооны технологи юм.   

Montage Watergen

“Watergen” компани “GENius” технологио ашиглан гурван төрлийн хэмжээ, хүчин чадал бүхий “агаараас ус үйлдвэрлэгч” генератор бүтээн, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа аж. Том оврын генератор нь өдөрт 5000 литр хүртэлх хэмжээний цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ердийн хэрэглээний цахилгаан эрчим хүчний хангамжаас өөр ямар нэгэн дэд бүтэц шаардахгүй.

Дунд оврын генератор нь өдөрт 900 хүртэлх литр цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай бол гэр бүлийн болон албан байгууллагын хэрэгцээнд зориулсан бага оврын генератор нь өдөрт 27 литр хүртэлх хэмжээний цэвэр усыг агаараас үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Бага оврын генераторын хувьд өрөө, тасалгааны агаарыг цэвэршүүлэх давхар үйлдэлтэй аж.

Одоогоор “Watergen” компани Израиль болон АНУ-д бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа ч эрэлт өндөр байгаатай холбогдуулан үйлдвэрлэлээ өргөжүүлж, Вьетнам, Энэтхэг, БНХАУ, Бразил, Унгар болон Украинд шинээр үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн тус компанийн эрдэмтэн судлаачид автомашин, галт тэрэг, усан онгоцонд суурилуулж болох “агаараас ус үйлдвэрлэгч” хөгжүүлэхээр ажиллаж байгаа бол Бразилийн Шинжлэх ухааны сайд тус компанид зочлох үеэрээ сансарт илгээх генератор үйлдвэрлэх боломжтой эсэхийг асуусан байна.  

Хэрхэн ажилладаг вэ?

“Агаараас ус үйлдвэрлэгч” нь гаднаас сорж авсан агаарын тоос шороог шүүж цэвэрлэсний дараа “GENius” дулаан солилцоо болон хөргөх процессоор дамжуулан ус болгож конденсацлана. Бэлэн болсон усыг дахин шүүж цэвэршүүлээд, шаардлагатай эрдсээр баяжуулснаар чанарын шаардлагад нийцсэн ундны цэвэр ус бэлэн болно. Бэлэн болсон усыг төхөөрөмж доторх тусгай агуулах саванд тасралтгүй эргэлтэд байлгах замаар цэвэр байдлыг хадгална.

Сонирхуулахад, дэлхийн нийт цэвэр усны 0.04 хувь нь агаар мандалд уур хэлбэрээр байдаг.

How Watergens Atmospheric Water Generator Works


Эх сурвалж: Иерусалим Пост

https://www.jpost.com/Israel-News/Israeli-company-creating-water-from-plain-air-eyes-global-expansion-582328