Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд хоорондоо харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, Компакт гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлнэ.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа

Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа нь өсөн нэмэгдэж буй хотын усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор газрын доорх усны Баруун эх үүсвэрийг байгуулан, ашиглах боломжийг бүрдүүлнэ.


Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа

Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ) -ийн цэвэрлэсэн усыг тус үйлдвэрт дахин боловсруулж, гүн цэвэрлэн дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар (голчлон хөргөлтийн зориулалтаар) эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.


Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа

Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах улмаар Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх бөгөөд энэ хүрээнд усны салбарын институцийн тогтолцоо, хууль эрхзүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.