Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан 461.76 сая ам.долларын дүн бүхий хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэгтэй Улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Компакт гэрээний 3.2. дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавихтай холбоотой Засгийн газрын эрх, үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулна хэмээн заасны дагуу Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 297 тоот тогтоолоор Монголын МСС-г үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан.
Удирдах зөвлөл нь Монголын МСС-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих үндсэн үүрэгтэй бөгөөд зөвлөлийг Монгол Улсын Сангийн сайд тэргүүлж, саналын эрхтэй есөн гишүүн, саналын эрхгүй хоёр ажиглагч гишүүнээс бүрдэнэ.
Монголын МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал болон чиглэл хариуцсан бусад захирлуудаас бүрдэх Менежментийн баг удирдан зохион байгуулж явуулах ба Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.
Мөн түүнчлэн, Компакт гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх зорилгоор МСК-ын Суурин төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо тогтмол үйл ажиллагаа явуулах бөгөөд төлөөлөгчийн газрыг МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал удирдаж ажиллах юм.
Компакт гэрээний Нэгдүгээр хавсралтад Монголын МСС нь санхүүгийн болон худалдан авах үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор мэргэжлийн туслалцаа үзүүлэх байгууллагатай гэрээ байгуулан ажиллана хэмээн заасан байдаг. Үүний дагуу Монголын МСС нь Худалдан авах ажиллагааны төлөөлөгч болон Санхүүгийн төлөөлөгчийг олон улсын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын журмаар шалгаруулж, АНУ-ын "Cardno Emerging Markets" болон Английн "Charles Kendall and Partners" компаниудтай тус тус гэрээ байгуулан ажиллаж байна.