Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа


Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн цэвэрлэсэн усыг тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү үйл ажиллагааны санхүүжилтээр дараах барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Үүнд:

1. Шинэ ТЦБ-ийн дэргэд цэвэрлэсэн хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах,

2. Дахин боловсруулсан усыг гурав болон дөрөвдүгээр Дулааны цахилгаан станц (“ДЦС-3” ба “ДЦС-4” гэх)-ын дэргэдэх ус нөөцлөх сан руу дамжуулах шугам хоолой, шахуургын станц байгуулах,

3. ДЦС-3 болон ДЦС-4-ийн үйл ажиллагаанд дахин боловсруулсан усыг ашиглахад шаардлагатай хяналтын систем, дотоод шугам хоолой, нөөцийн савыг өөрчлөн шинэчлэх зэрэг багтана. 

Улаанбаатар хотод байрладаг ДЦС-ууд жилд нийтдээ 21.0 сая шоо метр (хотын нийт ус хэрэглээний 23.8 хувь) усыг газрын доорх усны эх үүсвэрээс авч ашигладаг бөгөөд үүний 15.0 сая шоо метр буюу нийт хэрэглээний 70 орчим хувийг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг байна

Хоногт 50 мянга, жилд 18.3 сая шоо метр хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, цэвэрлэсэн усыг ДЦС-уудад үйлдвэрлэлийн зориулалтаар эргүүлэн ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах үйл ажиллагааг бууруулан, Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн хэрэгцээнд ашиглах боломжийг бий болгоно. Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг байгуулснаар хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой болон хариуцлагатай менежментийг бүрдүүлэх юм.

 

Хаягдал ус дахин боловсруулах төслийн танилцуулга