Компакт гэрээний тухай

 


АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд тодорхой шалгуурт тэнцсэн бага, дунд орлоготой улс орнуудтай Компакт гэрээ байгуулан, 5 жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгодог. Компакт гэрээ байгуулах боломжит орныг шалгаруулахдаа “Эдийн засгийн эрх чөлөө, Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт, Шударга засаглал” гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг баримталдаг бөгөөд 2004 оноос хойш дэлхийн 50 орчим оронд нийт 13 тэрбум ам.долларын Компакт гэрээ болон Босго хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Компакт гэрээ нь тодорхой шалгуурт тэнцсэн бага, дунд орлоготой орнуудад олгодог таван жилийн хугацаатай буцалтгүй тусламж бол тэдгээр шалгуурт тэнцэхэд ойрхон байгаа орнуудад бодлого, институцийн шинэчлэл хийх зорилгоор бага хэмжээний тэтгэлэг, тусламжийг Босго хөтөлбөрийн хүрээнд олгодог. 

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын анхны Компакт гэрээ 2008-2013 онд хэрэгжиж, хөрөнгийн эрх, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн салбарт нийт 284.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн билээ.

МСК нь аливаа оронтой Компакт гэрээ байгуулахдаа Эдийн засгийн эрх чөлөө, Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт, Шударга засаглал гэсэн гурван үзүүлэлт бүхий үнэлгээг ашигладаг бөгөөд МСК-ын Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаараа Монгол Улсын үнэлгээний үр дүнг авч хэлэлцээд, хоёр дахь Компакт гэрээ байгуулах боломжит орноор шалгаруулсан юм.

Улмаар хоёр дахь Компакт гэрээг боловсруулж, хэлэлцээ хийх үүрэг бүхий Үндэсний ажлын алба Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2015 оны 5 дугаар сард Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан бөгөөд эхний ээлжинд МСК-ын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийн судалгаа”-г гүйцэтгэсэн.

Энэхүү судалгааны дүнд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хамгийн ихээр хязгаарлаж буй хүчин зүйлсийн нэг нь “ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний өртөг өндөр” байдал хэмээл хэмээн тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг, улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуй нэгжийн дөрөвний гурав нь үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг Улаанбаатар хот сүүлийн хорь гаруй жилийн турш хурдтай тэлсний улмаас ойрын ирээдүйд буюу 2023 он гэхэд унд-ахуйн усны хомстолд орж болзошгүй байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, оршин суугчдын амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Талууд хамтран 2016-2018 онуудад нарийвчилсан судалгаа хийсний дүнд газрын доорх усны шинэ эх үүсвэр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах гэсэн чиглэлээр хөрөнгө оруулахаар тогтсон. Энэ шийдвэрт үндэслэн МСК-ын Удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах мэдэгдлийг Конгресст хүргүүлсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар болон МСК нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм.

Талууд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван томоохон төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулна. 

Үүнд:

1. Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын баруун доод хэсэг Биокомбинат, Шувуун фабрик орчимд газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийн хамт байгуулах төсөл.

2. Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, гурав болон дөрөвдүгээр ДЦС-д нийлүүлэх үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл.

3. Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчин, институцийн чадавхыг сайжруулах төсөл.

Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 80 хувиар нэмэгдүүлж, нийслэл Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн усны хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох юм. 

 

Компакт гэрээний дэлгэрэнгүйг доорх холбоосоор татаж үзнэ үү. 


Компакт гэрээ Folder