Түгээмэл асуулт, хариулт


Монголын Мянганы сорилтын сан

Монголын Мянганы Сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын гадаад тусламж хариуцсан агентлаг болох Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) юм. Монголын МСС-ийн удирдах дээд байгууллага нь Монгол Улсын Сангийн сайдаар ахлуулсан Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь бие даан хараат бусаар шийдвэр гаргах бөгөөд Монголын МСС-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, шийдвэр гаргах, мөн түүнчлэн Компакт гэрээ, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний болон бусад нэмэлт гэрээ хэлэлцээрийн дагуу Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүхэлд нь хангах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Удирдах зөвлөл нь саналын эрхтэй 9, саналын эрхгүй 2 гишүүнээс бүрдэнэ. Саналын эрхтэй гишүүд нь Монгол Улсын Сангийн сайд, Засгийн газрын холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд байх бол саналын эрхгүй гишүүд нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин төлөөлөгч байна.  Монголын МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал тэргүүтэй Менежментийн баг удирдана. 


АНУ-ын Мянганы сорилтын корпорац

Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий АНУ-ын Засгийн газрын бие даасан агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан бага, дунд орлоготой орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой. 


Компакт гэрээ

Компакт гэрээ гэдэг нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацаас тодорхой шалгуурт тэнцсэн улс орнуудад 5 жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгох гэрээ юм. МСК нь Компакт гэрээ байгуулах боломжит орныг шалгаруулахдаа “Эдийн засгийн эрх чөлөө, Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт, Шударга засаглал” гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг баримталдаг бөгөөд 2004 оноос хойш дэлхийн 33 оронд 65-697 сая ам.долларын 47 Компакт гэрээ, 29 оронд 7-55 сая ам.долларын 32 босго хөтөлбөр хэрэгжүүлээд байна. 

Монгол Улсын Мянганы сорилтын анхны Компакт гэрээ 2008-2013 онд хөрөнгийн эрх, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн салбарт хэрэгжсэн бол МСК нь 2015 оны санхүүгийн жилийн Үнэлгээний карт дахь Монгол Улсын үзүүлэлтийг харгалзан, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаараа Монгол Улсыг хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулах боломжит орноор шалгаруулсан юм.

Улмаар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх замаар нийслэл хотод ойрын хугацаанд нүүрлэж болзошгүй усны нийлүүлэлтийн хомсдлын сөрөг нөлөөллийг бууруулах, хувийн хэвшлийн түчээлсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих 350 ам.долларын өртөг бүхий Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-нд гарын үсэг зурсан. Компакт гэрээгээр МСК-аас олгож буй 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас гадна Монгол Улсын Засгийн газар Хөтөлбөрийн хэрэгжилтэд 111.76 ам.долларын хувь нэмэр оруулах үүрэг хүлээсэн. МСК-ын тооцоолж буйгаар Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг ойролцоогоор 64 сая куб метр буюу өнөөгийн түвшнээс 80 хувиар нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй хүн амын унд-ахуйн хэрэгцээг хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох юм. 


Компакт гэрээ хүчин төгөлдөр болох болон төсөл хэрэгжих хугацаа

Компакт гэрээ хэрэгжүүлж буй улс орнууд Мянганы сорилтын корпорацын бодлого, дүрэм журмын дагуу төсөл, хөтөлбөрүүдээ таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Таван жилийн хугацааг Компакт гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцож эхэлдэг.  Өөрөөр хэлбэл, МСК-тай Компакт гэрээ байгуулсан улс орны Засгийн газар тухайн гэрээгээр хүлээсэн тодорхой урьдач нөхцөлүүдийг биелүүлснээр гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болж, таван жилийн тоолуур гүйж эхэлнэ. Таван жилийн тоолуур гүйж дууссан тохиолдолд МСК санхүүжилтээ бүрэн зогсоох бөгөөд түүнээс хойших хугацаанд Компакт гэрээтэй холбогдох ямар ч ажил, үйлчилгээнд хөрөнгө оруулахгүй. Тиймээс, Монгол Улсын хувьд энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгийг бүрэн дүүрэн ашиглаж, үр ашгийг боломжит дээд хэмжээнд хүргэхийн тулд бүх төсөл, үйл ажиллагаагаа 5 жилийн хугацаандаа багтаан хэрэгжүүлэх нь чухал юм.  


Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын баруун доод хэсэгт Туул голын дагуу орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын хоёр байрлалд газрын доорх усны нийт 30 гүний худаг байгуулах, мөн шахуурга, эх үүсвэр дотор ус цуглуулах шугам хоолой, тохируулгын усан сан болон усыг эх үүсвэрийн талбайгаас дамжуулах шугам хоолой суурилуулах замаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн шинээр байгуулсан эх үүсвэрийн талбайгаас цуглуулсан усыг чанарын өндөр төвшинд хүртэл гүн цэвэршүүлж, унд-ахуйн зориулалтаар нийслэл хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэх дэвшилтэт технологийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд жилд 50 сая куб метр газрын доорх усыг шинэ эх үүсвэрээс нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлэх юм.  


Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын ахуйн болон аж үйлдвэрийн хэрэглээнээс гарч буй хаягдал усыг дахин боловсруулж эргүүлэн ашиглах замаар томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын ашигладаг гүний усны эрэлтийг бууруулна. Үүний тулд Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас гарах цэвэрлэсэн хаягдал уснаас тодорхой хэмжээгээр авч, дахин боловсруулах үйлдвэрийг, дахин боловсруулсан усаа гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцын дэргэдэх усны нөөцийн сав руу дамжуулах шугам хоолой, шахуургын станц, дахин боловсруулсан ус ашиглахад шаардлагатай хяналтын систем, дотоод шугам хоолой, нөөцийн савын хамт байгуулах юм. Дахин боловсруулсан усыг ДЦС-3 болон ДЦС-4-ийн хэрэгцээнд нийлүүлснээр техникийн зориулалтаар ашиглах газрын доорх усны хэрэглээг бууруулах замаар унд-ахуйн хэрэгцээнд нийлүүлэх цэвэр усны хангамжийг нэмэгдүүлнэ. Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг ойролцоогоор 18 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа бөгөөд Улаанбаатар хотын хязгаарлагдмал усны нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах замналыг эхлүүлэх энэ төрлийн анхны үйлдвэр болох юм.


Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийслэл хотын ус хангамжийн байгууллага (УСУГ)-ын үйл ажиллагаа, засвар үйлчилгээг сайжруулах, өртөг зардлаа бүрэн нөхөх чадавхыг бий болгох, усны салбарт бодлого, хууль эрхзүй, зохицуулалт, институцийн шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийг хийх замаар нийслэл хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах юм. Түүнчлэн Компактын үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилт мөн энэ үйл ажиллагаанд хамаарч байгаа юм.


Монголын МСС-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон хамтран ажиллах боломжуудын талаар мэдээллийг хаанаас авч болох вэ?

Худалдан авах ажиллагааны бүх зарлал Монголын МСС-ийн албан ёсны вэбсайт(www.mca-mongolia.gov.mn)-ын Худалдан авах ажиллагааны хэсэгт, түүнчлэн dgMarket (www.dgMarket.com), UNDBOnline (https://devbusiness.un.org/)-ын вэбсайт болон дотоодын гол мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдэнэ. Мэдээллийг цаг тухайд нь олж авахын тулд дээрх эх сурвалжуудыг тогтмол шалгана уу. Түүнчлэн таньд худалдан авах ажиллагаатай холбоотой асуух зүйл гарвал, эсвэл Монголын МСС-ийн худалдан авах ажиллагааны талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл, Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны төлөөлөгчтэй PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар холбогдоно уу. Цахим шуудангаа procurement@mca-mongolia.gov.mn цахим хаяг руу давхар илгээгээрэй.