Усны дарамттай орнуудад Ковид-19-тэй тэмцэхэд тулгарч буй томоохон бэрхшээл гар угаах

Дэлхийн гар угаах өдөрт

Handwashing 1366 X 668

Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг бол гараа өдөрт хэд хэдэн удаа савантай усаар сайтар угаах явдал хэмээн бүхий л мэдээллийн сувгаар ярьж байгаа. Тэгвэл Энэтхэгийн эрх баригчид цэвэр усны хангамж муутай сая сая иргэндээ зориулж яаралтай шийдэл гаргах хүндхэн шаардлагатай тулгараад байна.

"Банти, тера сабун слөү хай киа?" гэдэг нь энэтхэгээр "Банти, чиний саван “удаан” уу?" гэсэн утгатай. Энэ нь Энэтхэгийн телевизийн алдартай зар сурталчилгааны үг юм. Энэ сурталчилгаан дээр зуслангийн хүүхдүүдэд гараа угаах заавар өгөх ба сурталчилгаа эхлэхээс дуусах хүртэл цоргоор ус гоожсоор л байна. Бантигийн ээж гараа дор хаяж нэг минут угааж байж нянгүй болно гэж захисны дагуу, тэрээр гараа хүчтэй гэгч нь үрж зогсоно. Найз нь нэг саван (сурталчилж буй брэндийн) хүрч ирээд, энэ “хурдан” савангаар ердөө 10 секунд угаахад л хангалттай хэмээн тохуурхаж хэлдэг. Энэтхэгт гар угаах тухай сурталчилгаанд энэ мэтчилэн "хурдан", “удаан” савангийн тухай ойлголт хүртэл бий болгож, “хурдан” савангаар 10 секунд угаахад хангалттай бол, "удаан" савангаар гараа нэг минутийн турш угаах хэрэгтэй гэсэн утгатай сурталчилгаа ч түгээмэл болжээ.

1

Ковид-19 цар тахлын үеэр халдвараас хамгаалах хамгийн хялбар аргуудын нэг бол ариун цэврийн хэм хэмжээг сайтар сахих. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) нэг удаадаа 20 секундийн турш, өдөрт хэд хэдэн удаа гараа тогтмол угаахыг зөвлөж байгаа.

Мэдээж хэрэг бид бүгдээрээ гараа угаадаг. Ковид-19 цар тахлын үед хүмүүс гар барихаас зайлсхийж байгаа ч ямар нэгэн гадаргууд гараараа хүрэх шаардлага зайлшгүй гарна. Гараараа хүрч буй зүйлсийнхээ талаар нухацтай бодох бүрт өдөрт аль болох олон удаа гараа ариутгаж, угаамаар санагдана.

Ковид-19 цар тахлаас үүдэн Энэтхэгийн зах зээлд дэлхийн бусад олон орны нэгэн адил гар ариутгагчийн эрэлт огцом өсч, томоохон хотын дэлгүүрүүдэд гар ариутгагчийн лангуу хоосорчээ. Энэ үзэгдэл хот, хөдөөд ялгаагүй олон хүнийг гар нүүрийн саван, уснаас өөр урьдчилан сэргийлэх сонголтгүй болгоод байна.

Харамсалтай нь, усны дарамттай Энэтхэг зэрэг улс оронд усны ариг гамтай хэрэглээг орхигдуулж, оронд нь зөвхөн гар нүүрийн саванг онцолсон ухуулга сурталчилгаа явуулж байгаа нь цэвэр усны нөөц, “хурдан”, “удаан” савангийн нөөцөөсөө түрүүлээд дуусах асар том эрсдэлтэйг умартсан мэт. Олон нийтийн дунд гараа угаахдаа усаа удаан хугацаагаар гоожуулдаг зуршил хэвээрээ байна. Үүний эсрэг суртал ухуулга ч дутмаг байна. Олон нийтэд зориулсан эдгээр мессеж зэрэгцэн явах учиртай.

Усны хомсдолтой орнуудын хувьд, ялангуяа хөдөө орон нутагт эрүүл ахуй, ариун цэвэр сахих бүр ч хэцүү. Цэвэр усыг ихэвчлэн гэр бүлийн эмэгтэй гишүүд усны эхээс гэрлүүгээ явганаар зөөвөрлөдөг. “WaterAid” байгууллагынхан 2017 онд Энэтхэгийн дөрвөн мужийн хөдөө орон нутгаар явж, гар угаах талаар судалгааг хийсэн байна. Судалгаанд хамрагдагсдын дор хаяж 33 хувь нь усны хомстлоос шалтгаалан гараа тогтмол угаах боломжгүй байдаг ба үүнээс арай бага буюу 22 хувь нь савангийн хүртээмжгүй байдлаас гараа угааж чаддаггүй хэмээн хариулжээ. Өнөөгийн нөхцөлд Ковид-19 цар тахлын эсрэг бидний авч буй арга хэмжээ нь асуудлыг олон талаас нь харж, харгалзаж үзэхийг шаардаж байгаа бөгөөд үүнд усны үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэхээс эхлээд, усны хомстол болон ариун цэвэр, эрүүл ахуйн хоорондын уялдааг ч тусгах хэрэгтэй.

Ариун цэврийн байгууламжийн хүртээмж угаас хангалтгүй дээр нэмээд байнга давтагдах үер ус, ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт үзэгдлүүд эрүүл мэндийн үйлчилгээний тал дээр хэдийнэ үүссэн хүндхэн нөхцөл байдал дээр устай холбоотой нэмэлт дарамтыг бий болгож байна. Энэтхэг, болон тус бүс нутаг дахь усны дарамттай бусад улс орнууд, ялангуяа Бангладешийн хувьд аюулгүй, цэвэр усны хүртээмж нь Ковид-19 цар тахалтай тэмцэхэд шаардлагатай хамгийн чухал нөхцөл, хүчин зүйл болоод байгаа юм. Хил дамнасан голуудын урсац нь бараг бүхэлдээ Энэтхэгээс хамааралтай, хараат Бангладеш улсын хувьд газрын доорх усны нөөц нь хурдтай шавхагдаж буйгаас улбаалан 2020 он дөнгөж гарав уу, үгүй юү баруун хойд бүс нутагтаа усны онц байдал зарлах төвшний нөхцөл байдал үүссэн.

Нөхцөл байдлаа харгалзаж үзэлгүй байдаг л арга хэмжээ авах нь нийгэм, эдийн засгийн бусад салбартаа сөрөг муу нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд үүрэг оролцоотой яамд, ялангуяа эрүүл мэнд, усны асуудал хариуцсан яамд, түүнчлэн үйлчилгээний хүргэгчид түншүүд, нийгмийн салбарынхан хоорондын харилцан уялдааг сайжруулж, иймэрхүү нөхцөл байдалд урьдаас бэлтгэлтэй байх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, өнгөрсөн жил Чиннайд үүссэн усны дарамттай нөхцөл байдал бол өнөөдөр Ковид-19 цар тахлын энэ хүнд үед нийтийн эрүүл мэндийн салбарт ямар гамшиг нүүрлэж болохыг харуулсан тод жишээ юм. Хэрэв бид нийгэм, эдийн засаг, ус, эрүүл мэндийн салбарыг дамнасан үр дүнтэй түншлэлийг бий болгож, олон арга замаар, нэгдсэн хүчин чармайлт гарган Тогтвортой хөгжлийн зорилтын гол шалгууруудыг хангаж чадахгүй бол "Тогтвортой хөгжлийн зорилт" (Sustainable Development Goals - SDG) гэдэг үг бидний хувьд энэ цаг үеийн амьдралын шинэ хэв маяг болоод байгаа “Хоорондын зай барих зорилго” (Social Distancing Goals - SDG) гэсэн утга илэрхийлэх л үг болоод үлдэх вий.

Эх сурвалж:

"The Third Pole" Азийн усны хямралын мэдээллийн олон улсын сүлжээ  

https://www.thethirdpole.net/2020/03/23/you-cannot-wash-your-hands-if-there-is-no-water/

Монголын МСС-ийн Олон нийттэй харилцах багаас орчуулан хүргэж байна.