УСНЫ ЧАНАР БА ХАЯГДАЛ УС

R 1120 Wastewater Seizing The Opportunity

Гэрэл зургийг WWTonline

Усны чанар сайн байх нь хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжил, экосистемийн тогтвортой байдалд нэн чухал. Гэвч хүн амын тоо өсч, байгаль орчин доройтохын хэрээр хүн бүрийг хүрэлцээтэй, аюулгүй усны нөөцөөр хангах асуудал улам бэрхшээлтэй болсоор. Шийдлийн томоохон хэсэг нь бохирдлын хэмжээгээ бууруулж, хаягдал усны холбогдох зохицуулалтаа сайжруулахад оршино.

Эдийн засаг улам бүр харилцан хамааралтай, түүнийг дагаад тогтвортой болохын хэрээр хаягдал усыг үл тоомсорлон хаяхын оронд боломжит хэрэглээг нь үнэлэхийг шаардаж байна. Хаягдал ус нь хэрэглээний хоёрдогч хувилбар болохоос гадна, зөв зохицуулалт хийж чадвал экосистемийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж, эрчим хүч, шим тэжээл, өөр бусад зорилгоор эргүүлэн ашиглаж болохуйц материалын эх сурвалж болох боломжтой.

СОРИЛТ БА БОЛОМЖУУД

Цэвэр усны олборлолтоос эхлээд, урьдчилан цэвэрлэх, түгээх, ашиглах, цуглуулах, хаягдал усаа дахин боловсруулж ашиглах, эсвэл байгаль орчинд нийлүүлж, усны эргэлтийн бас нэгэн циклийг дахин эхлүүлэхэд бэлэн болох хүртэлх бүхий л үе шатыг өндөр хяналтад зохион байгуулах хэрэгтэй. Хүн амын өсөлт, хурдацтай хотжилт болон эдийн засгийн хөгжлөөс улбаалан хаягдал ус, хаягдал усны бохирдлын хэмжээ дэлхий даяар нэмэгдэж байна.

451900

Бангладешийн Дакка хот дахь Кариалын ядуусын хорооллын хаягдал ус. Гэрэл зураг Kibae Park / Sipa Press

Аюулгүй, хүрэлцээтэй усны нөөц нь хаягдал усны зохицуулалттай салшгүй холбоотой. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй ахуйн бохир ус, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хаягдал устай нийлснээр дэлхийн хэмжээнд усны эх үүсвэрүүдийг улам бүр бохирдуулж, усны чанарыг муутгасаар. Дэлхий даяар ялгаруулж буй хаягдал усны 80 хувийг цэвэрлэж дахин боловсруулахгүй, эргүүлэн ашиглахгүйгээр экосистемд нийлүүлж байна. Үүнээс үүдэн ойролцоогоор 1.8 тэрбум хүн ялгадастай бохир ундны усны эх үүсвэрээс хэрэгцээгээ хангаж, энэ нь улмаар холер, цусан суулгалт, хижиг, полиомиелит өвчний эрсдэл үүсгэж байна. Бидний анзааргагүйгээр урсгаад хаяж буй хаягдал усаар хурдацтай тэлж буй хотуудын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах, эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хөгжлийг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих асар их боломжтой.

ХАЯГДАЛ УС БА ХОТУУД

Хөгжиж буй орнуудад хот, суурин газруудын орлого багатай хэсгүүд хаягдал бохир усныхаа ихэнхийг цэвэрлэлгүйгээр, эсвэл дутуу цэвэрлээд хамгийн ойр гадаргын ус, эсвэл зориулалтын бус суваг шуудуу руу урсгадаг. Түүнээс гадна ахуйн бохир ус, хүний биологийн ялгадсаас гадна хот суурин газрын эмнэлэг, үйлдвэр аж ахуйн газрууд химийн их хэмжээний хортой бодис болон эмнэлгийн хог хаягдлыг ариутгах татуургын системд ихээр хаядаг.

13091878094 9246a2b1f4 K

Хаягдал усаа цуглуулж, цэвэршүүлдэг хотуудад хүртэл ашиглаж байгаа системээсээ хамаараад хаягдал усны цэвэрлэгээний түвшин, чанар харилцан адилгүй. Ногоон байгууламж услах, гудамж талбай цэвэрлэхэд ашигладаг усыг ундны усны стандартад нийцүүлэн цэвэрлэх шаардлагагүй. Хаягдал усыг дахин хэрэглэх зориулалтад нь нийцүүлэн тохирсон стандартаар цэвэршүүлэх нь зардал нөхөх боломжийг нэмэгдүүлдэг.

Хот газрын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хаягдал усыг цуглуулах аргачлал болон менежментийн төвшин дэх шинэ хандлагыг улам бүр шаардсаар байна. Магадгүй хаягдал усыг дахин боловсруулж ашигласнаар хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарын хөгжил зэрэг өөр бусад сорилтуудыг шийдвэрлэхэд ч тустай байж мэднэ.

ХАЯГДАЛ УС БА АЖ ҮЙЛДВЭР

Сүүлийн жилүүдэд нийгмийн шаардлагаар болон байгаль орчныг хамгаалах үүднээс үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн дунд хаягдал усаа багасгах, гадагшлуулахаасаа өмнө урьдчилан цэвэрлэх хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна. Хаягдал усыг боломжит нөөц хэмээн үзэж, зохих боловсруулалтын дараа дахин ашиглах нь эдийн засаг санхүүгийн үр өгөөжтэйг баталсаар.

Хаягдал усыг бизнесийн үйл ажиллагааныхаа дотоод хүрээнд, эсвэл хэд хэдэн аж ахуйн нэгжүүд дундаа “үйлдвэрлэлийн харилцан ашигтай харилцаа” үүсгэн ашиглаж болно. Дэлхийн усны хэрэглээний 22 хувийг аж үйлдвэрийн усны хэрэглээ дангаараа эзэлдэг. 2009 онд Европ, Хойд Америк дахь аж үйлдвэрийн усны хэрэглээ нийт хэрэглээний 50% байсан бол, хөгжиж буй орнуудынх 4-12% байжээ. Аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй орнуудад энэ хувь хэмжээ ойрын арваас хорин жилд тав дахин нэмэгдэх магадлалтай. Тиймээс дан ганц зардал хэмнэх зорилгыг ч хөшүүрэг болгон хаягдал усыг дотооддоо болон орон нутагт ашиглах боломж байна.

Аж ахуйн нэгжүүд хаягдал усны бохирдол багатай зарим хэсгийг тохирсон зориулалтаар шууд дотооддоо ашиглах боломжтой. Жишээлбэл, технологийн хаягдал усыг хөргөлт, халаалтад ашиглах, эсвэл борооны усыг дээврийн ус цуглуулах хоолой, бетонон хормогчоор дамжуулан угаалгын өрөөнд, услагаа, тээврийн хэрэгсэл угаах зэрэгт хэрэглэж болно.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ХАЯГДАЛ УС

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн болон жижиг хэмжээний газар тариалангийн үйл ажиллагаанд ургацын хэмжээг нэмэгдүүлж, эрэлтийг хангахын тулд химийн бордоо, пестицид хэрэглэх нь ихэссэн ба үүнээс үүдэн газар тариалангийн салбар нь байгаль орчныг бохирдуулагч нэг томоохон эх үүсвэр болоод байгаа.

6347572622 Efb9c21bd1 Z 640x442

Тариаланчид уламжлалт бус усны нөөц буюу хаягдал усыг нэг бол шим тэжээлийн өндөр агууламж, эсвэл цэвэр усны хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан ихээр сонирхох болж.

Хөгжиж буй зарим улс оронд цэвэрлээгүй, эсвэл дутуу цэвэрлэсэн хаягдал усыг газар тариаланд хэрэглэснээр газрын доорх болон гадаргын усыг бохирдуулж, олон асуудал дагуулж байна. Газар тариалан дахь хаягдал усны менежментийг сайжруулж, өвчин үүсгэх эрсдэлийг бууруулснаар ажилчдын эрүүл мэндийг ч хамгаалах эерэг үр дагавартай.

Хаягдал усыг зөв зохистой хэрэглэж чадвал ус болон тэжээлийн үнэ цэнэтэй эх үүсвэр бөгөөд ус болон хүнсний аюулгүй байдал, хүн амын амжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой.

Эх сурвалж:

НҮБ-ын Усны агентлаг 

https://www.unwater.org/water-facts/quality-and-wastewater-2/

Монголын МСС-ийн Олон нийттэй харилцах багаас орчуулан хүргэж байна.