Монголын Мянганы сорилтын сан “Усны тухай ярилцъя” уулзалтыг тав дах удаагаа зохион байгууллаа

Sr407773v2

Улаанбаатар хот, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр - Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Дэлхийн усны өдрийг угтан “Усны тухай ярилцъя” сэдвээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх тав дахь удаагийн уулзалтаа 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллага болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб, Байгаль орчны сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцсон бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон холбогдох бусад төслийн захирлууд Усны Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Dsc 0135

Dsc 0148

Sr407844

Sr408021

Sr407926

Sr407932

Sr407937

Sr407800

Sr408029

Sr408072

Sr407948

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээгээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг, улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ улс орны ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах юм. 

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн хоёр, бодлого зохицуулалтын нэг, нийт гурван томоохон төсөл хэрэгжүүлж байна. Эхний дэд бүтцийн төсөл буюу Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчимд улаанбаатарчуудын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд байгуулж, Сонгинохайрхан уулын бэлд Монголын анхны дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байна. Үр дүнд нь, нийслэлийн хүн амын унд ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгцээнд зориулан нийт ус хангамжийг жилд 50 сая м3 хүртэл хэмжээгээр нэмэгдүүлж, Улаанбаатар хотын ирээдүйд баруун тийш өргөжин тэлэх, тогтвортой хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Хоёр дахь дэд бүтцийн төсөл буюу Хаягдал ус дахин боловсруулах төслөөр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам сүлжээ, дэд бүтцийн хамт байгуулж байна. Энэ үйлдвэр шинэ ТЦБ-аас гарах хаягдал уснаас өдөрт 50 мянган шоо метрийг хүлээн авч, дахин боловсруулаад ДЦС-3, ДЦС-4-ийн үнс зайлуулах, цамхаг хөргөх зэрэг техникийн хэрэглээнд нийлүүлнэ. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, ДЦС-уудын хэрэгцээнд дахин боловсруулсан ус ашигласнаар жилд 18 сая хүртэл шоо метр гүний цэнгэг усыг хэмнэж, Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бодитоор бүрдэх юм.

Гурав дахь буюу Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Компакт гэрээгээр байгуулсан дэд бүтцүүдийн тогтвортой ажиллагааг хангаж, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалахад чиглэсэн 30 гаруй жижиг төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Эдгээр бүх төсөл, хөтөлбөрийг Компакт гэрээний шаардлагын дагуу таван жилийн хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэх юм.

Биокомбинат, Шувуун фабрикт байгуулж байгаа шинэ эх үүсвэрийн нийт 30 гүний худаг гаргах болон шугам хоолойн барилга угсралтын ажил 2022 оны намар эхэлсэн бөгөөд 2023 оны эцсийн байдлаар 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 2021 оны намар шавыг нь тавьсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 54 хувьд хүрсэн. Түүнчлэн, шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдаж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил нийт 28 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Монголын МСС нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Компакт гэрээний зорилго, хэрэгжилтийн явц, цаашдын үр өгөөжийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ил тод, нээлттэй байдлаар хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд “Усны тухай ярилцъя” уулзалт арга хэмжээг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж ярилцлаа.  Хоёр орны түншлэл, хамтын ажиллагаа, Америкийн ард түмний буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эдгээр төсөл, хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг оролцооны талаар ярилцаж, хамтран ажиллах санал солилцлоо.

###

Монголын Мянганы сорилтын сангийн тухай

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний дагуу “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь Компакт гэрээний санхүүжилтээр нийслэлийн хүн амын унд, ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй усны хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах, усны хомсдолоос сэргийлэх зорилготой бөгөөд ус хангамжийн шинэ эх үүсвэрийг байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна.