Усны үйлчилгээний үнэ цэнэ, бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны дизайныг боловсруулан хүлээлгэн өглөө

Dsc03683

Улаанбаатар хот, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын “Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Усны үйлчилгээний үнэ цэнэ, бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх” дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулж дуусаад байна.

Энэхүү дизайны ажлыг Азийн сан ОУТББ гүйцэтгэж, нарийвчилсан судалгаа, дизайны баримт бичгийг Азийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор, төслийн дэд дарга Г.Халиунгоо нар Монголын МСС-д хүлээлгэн өглөө. Азийн сан нь уг дизайныг салбарын байгууллагуудад удаа дараа танилцуулж, хэлэлцүүлсний дүнд эцэслэн боловсруулсан бөгөөд Монголын МСС нь ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг хэрэглэгчдэд ойлгуулах болон сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг дизайны дагуу 2024-2025 онд авч хэрэгжүүлнэ.   

Dsc03697

###

Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.