Ганцхан өдрийг усгүйгээр төсөөлөөд үзэцгээе!

Idww2020 Logo Vertical Trans

Төсөөлөөд үз дээ, уух усгүй, гараа угаах, шүршүүрт орох, 00-ийн усаа татах, хувцсаа угаах ч усгүй болчихвол ямар байхыг? Усгүйгээр эмнэлгүүд хаалгаа барина. Гал сөнөөгчид галтай тэмцэх боломжгүй, тариаланчид ургацаа услаж чадахгүй, өвчин эмгэг газар авна.

Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний энэ өдөр АНУ даяар манай гаригийн бүх амьдралын эх булаг усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, бүх нийтийн усны боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий Усгүй нэг өдрийг төсөөлцгөөе кампанит ажлыг зургаа дэх жилдээ зохион байгуулж байна.   

Ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлаа сахин хамгаалахын тулд гараа тогтмол сайтар угаах зайлшгүй шаардлага гарч буй цар тахлын энэ үед хэн ч усыг байдаг л зүйл мэтээр үзэж, хайр гамгүй хандаж болохгүй. Цар тахлаас үүдэлтэй бүх нийтийн эрүүл мэндэд нүүрлээд буй хямралыг шийдвэрлэхэд ус хангамж, ариутгах татуургын систем ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг бүгд бэлхнээ харж байгаа.

Тиймээс өнөөдөр АНУ даяар Усгүй нэг өдрийг төсөөлж, ус, ус хангамжийн систем нь амьдрал, нийгэмд ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг эргэцүүлж, үр хойчдоо тогтвортой ус хангамжтай ирээдүйг өвлүүлэх амлалтыг өгөхөөр нэгдэцгээж байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй кампанит ажлын хүрээнд АНУ даяар усны үнэ цэнийн талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, усанд хандах дадал хандлагыг өөрчлөх, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилго бүхий олон арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээний нэг нь бага сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Усгүй нэг өдрийг төсөөлцгөөе” сэдэвт зохион бичлэгийн уралдаан юм. Бид 2017 онд “Усгүй нэг өдрийг төсөөлцгөөе” арга хэмжээний үеэр Хүүперийн бага сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээс “US Water Alliance”-ын эх сурвалжтайгаар хүргэж байна. Энэхүү уралдаанд бага сургуулийн дөрөвдүгээр ангийн 120 орчим сурагч оролцсоноос Кристина Манна болон Даг Хайноски багштай Чэйс С. Молли Х, Саманта С нарын гурван сурагчийн бүтээл шалгарчээ. Бяцхан сурагчид усгүй нэг өдрийг хэрхэн төсөөлсөн нь та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ.

Suez Hooper Elementary (1)Зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн Хүүперийн нэрэмжит баг сургуулийн сурагч Чэйс С. Молли Х, Саманта С нар багш Кристина Манна болон Даг Хайноски нарын хамт

Нэг л өглөө ямар ч усгүй дэлхий дээр сэрж байна гээд төсөөлөөд үз дээ!

Нэгэн даваа гаригийн өглөө байлаа. Сэрсэн даруйдаа шүдээ угаахаар орноосоо босов. Шүдээ сойздож байхдаа цооргоо нээтэл ус гарсангүй. “Сонин л юм даа. Хэн нэг нь бас л сантехникийн ажил хийж байгаа бололтой” гэж бодож зогстол “Алив ээ, Сэм! Хичээлээсээ хоцрох нь байна” гэж дүү хашгирав. Шатаар хар хурдаараа бууж очоод, өдрийн хоолоо боож аваад гарав. Автобусанд үсэрч суугаад сургуульдаа явлаа. “Өнөөдөр бид далайн эрэг рүү явах ёстойг мартаагүй биз” гэж тэр бас сануулав. “Уг нь өнөөдөр бороо орно гэж бодож байсан юм”, “Үгүй ээ. Бүрхэг биш байна шүү” гэж ярилцсаар бид төд удалгүй сургууль дээрээ ирлээ. Сургуулийн хаалгаар орж явахдаа үүдэнд байдаг цэцэгс нэг л гандуу байгааг анзаарав. “Услаагүй удсан бололтой” гэж бодоод өнгөрлөө. Хичээл оров. Шинжлэх ухааны хичээл дээр фотосинтезийн талаар заав. Энэ хичээлийн дараа шууд гараад үүдний цэцэгсийг услах гэсэн ч усны сав хоосон байлаа. Хайгаад хайгаад ямар ч ус олсонгүй. Ингээд би бусдаасаа хоцрохгүйн тулд өдрийн хоолондоо орохоор явав. Ус уухаар усны саваа нээтэл, дусал ч усгүй хоосон байлаа. Яг тэр үед ямар нэг зүйл буруу байгааг анзаарав.

Хичээлийн дараа София эгчдээ болсон бүх зүйлийг ярилаа. Ярилцаж явсаар өглөө тохирсон ёсоороо далайн эрэгт очив. Гэтэл далай ч байхгүй болсон байв. Гэртээ буцаж ирээд, оройн хоол идэх гэтэл уух ус бас байсангүй. Хоолны дараа София эгч “Сэм, өнөөдөр чиний аяга угаах ээлж” гэв. Аяга, тавгаа угаах гэсэн ч цоргонд бас л ус байсангүй. “Усгүй байхад яаж аяга, таваг угаах юм бэ?”, “Тэгвэл маргааш угаана биз” гэсээр бидний яриа дуусав. Ус байхгүй учраас шүдээ бас л угааж чадсангүй орондоо орохоор явлаа.

Өглөө сэрсэн даруйдаа дүү минь шүдээ угааж байгааг харав. “Усгүй байсан биз дээ? Чи яаж шүдээ угаагаад байгаа юм бэ?” гэж асуутал “Чиний галзуу зүүдэнд л тийм юм болсон байх” гэх нь тэр. “Энэ нээрээ зүүд байсан гэж үү?” гээд итгэж ядан зогстол, “Тийм ээ, хурдхан өглөөний цайгаа уугаад, хичээлдээ явцгаая” гэж тэр хашгирлаа.

— Хүүперийн бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Саманта С

Зуны халуун өдөр өглөө сэртэл ямар ч ус байхгүй байна гэж төсөөлж чадах уу? Шүдээ ч угаах, шүршүүрт орох, бүр уух ч ус байхгүй. Нэг л өдөр яг ийм нэгэн өглөө намайг угтав. Шүдээ угаахаар угаалгын өрөө рүү явлаа. Цоргоо нээгээд сойзоо тостол ус гарсангүй, оронд нь хяхтнасан дуу л гарав. Яг л цөл шиг хуурай байв. “Ээж ээ. Яагаад ус байхгүй байгаа юм бэ?” гэж намайг хашгирахад, ээж “Мэдэхгүй ээ. Суэц рүү залгаж, яагаад ус тасарсныг асууя. Усгүй юм чинь шүдээ яаж угаах вэ дээ” гэв.

Өглөөний цайгаа уучихаад, цүнхээ үүрээд сургууль руугаа явлаа. Замд тааралдсан зүлэг ногоог хартал далай эргийн элс шиг сааралтаад хатсан байв. Ангидаа яваад ортол багш самбар дээр “Уучлаарай, хүүхдүүд ээ. Өнөөдөр ус тасарсан болохоор халуун өдрийн хоол өгч чадахгүй болсон. Усны савандаа хийх ч ус байхгүй” гэж бичсэн байлаа. Бид усны асуудлаас болж ангиараа маш их сэтгэлээр унав. Болж байгаа зүйлд итгэж чадахгүй байлаа. Тэр өдөр биеийн тамирын хичээл орох ёстойг бүгд мэдэж байв. Биеийн тамирын хичээлд орвол хөлөрнө, ус уухгүй бол ам цангана.    

Биднийг биеийн тамирын заал руу очтол усгүй учир халууцаж, хөлрөхгүйн тулд өнөөдөр биеийн тамирын хичээл орохгүй болсныг мэдэгдэж анги руу буцаалаа. Оронд нь математикийн хичээл оров. Уух ус байхгүй болохоор маш их цангаж байв. Математикийн хичээлийн дараа өдрийн хоолонд хүйтэн хавчуургатай талх идэв. Уг нь, мягмар гариг таконы өдөр байсан болохоор бид халуун тако идэж чадаагүйдээ их бухимдсан. Хоолны дараа завсарлагааны цагаар илүү халууцахыг хүсээгүй учраас бид гадаа гарч, сандал дээр суун салхилав. Бүгдээрээ маш их цангаж байв. Бид өмнөх өдөр нь бүгдийг уучихсан болохоор сургуулийн усны хөргүүр дэх ус ч дууссан байлаа. Завсарлагааны дараа багш нарын амрах өрөөний дэргэдүүр өнгөрч явахдаа гэнэт Агуа багш ус ууж байхыг олж харав. “Бидэнд уснаасаа өгөөч. Бид маш их цангаж байна. Хэдэн цаг ус уусангүй” гэтэл тэр “Өгөхгүй” гэж хашгирав. Гэсэн ч бид ангиараа багш нарын өрөө рүү гүйж ороод, ус авч ууцгаалаа. “Ангидаа буцаж очоод, шинжлэх ухааны номын 1-5 дугаар дасгалыг хийцгээ” гээд багш бидэн рүү яг үлэг гүрвэл шиг архирав.

Эцэст нь, гэртээ харих цаг болж, Агуа багш бидэнд математикийн номын 1 болон 2 дугаар хуудасны дасгалыг хийх гэрийн даалгавар өгөв. Бид цангасаар байлаа. Хичээл тарах хонх дуугарав. Гэртээ харьж, ус уух болсондоо маш их баярлав. Замаараа сургуулиийн хоолны газраар ортол бүх хүн л халууцаж, цангасандаа хэлээ унжуулан аахилж буй нохой шиг харагдаж байлаа. Би машиндаа очингуутаа “Хурдхан гэртээ харья” гэж хэлэв. Гэртээ хар хурдаараа гүйж ороод цоргоо нээлээ. Ус гарч байна. “Ээж минь гэж". Би цоргоноосоо ус авч уугаад, тэжээвэр амьтдадаа ч өгөөд, бас шүршүүрт оров. Усгүй энэ өдөр хамгийн муухай өдөр байлаа.

—Хүүперийн бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Молли Х.

Өглөө сэртэл ямар ч усгүй болсон байна гээд төсөөлөөд үз дээ. Яг л ийм зүйл надад нэг өдөр тохиолдсон юм. Өглөө бостол шүдээ угаах, шүршүүрт орох, бүр уух ч ус байсангүй. Найз Данынхаа гэрт ус байгаа эсэхийг мэдэхээр гудамжинд гүйж гарлаа. Дан хаалга онгойлгосон даруйдаа “Жэйсон, танайд ус байна уу?” гэхэд нь “Уг нь би л чамаас ингэж асуух гэж байсан юм” гэлээ.

Дараачийн өдөр нь бас л ус байдаггүй. Дан бид хоёр хамтарч, устай болох арга сэдэж олохоор шийдлээ. Төд удалгүй Дан оройн 06:00 цагт цүнх дүүрэн юмтай хүрээд ирэв. “Наад цүнхэнд чинь юу байгаа юм бэ? Бүтэн өдөр, эсвэл долоо хоног байх гэж ирээ юү?” гэж асуутал, “Шинжлэх ухааны ном, тэмдэглэлийн дэвтэр, төлөвлөгөөгөө зурж гаргах зургийн дэвтэр авчирлаа” гэж хариулав.  

Ингээд бид манай өрөөнд орж, шинжлэх ухааны номоо судалж эхлэв. Бүх номоо уншаад дуусахын алдад би “Шийдэл оллоо” гэж хашгирав. “Дан, хар даа. Хоёулаа борооны ус тосох торх хийвэл ямар вэ?”, “Юун борооны усны торх вэ? Алив надад номоо харуул даа. Аан, сайхан санаа байна. Гэхдээ бороо орохоос урьтаж маш хурдан хийх хэрэгтэй юм байна даа”. Бидний хооронд ийм яриа өрнөв.

Бид торх хийхэд ашиглах зүйл хайж эхлэв. Аавын хэрэглэдэг хувингуудаас ашиглахаар шийдэж, дээврээс борооны ус зайлуулахаар татсан хоолойн дор хувингуудаа тосов. Борооны ус цуглуулчих юм бол, хоол, ундандаа хэрэглэж болно. Эцэст нь, хоёр өдрийн дараа бороо ч орлоо. Бид борооны усаа буцалгаад, ууж, хоол ундаа ч хийлээ. Хамгийн түрүүнд бид МакДональдсын бяслагтай бургер хийж идэв. Хэд хоногийн дараа ус ирлээ. Борооны ус цуглуулах хувин Дан бид хоёрт их таалагдсан учир цаашид ч бороотой өдрүүдэд борооны ус цуглуулж хэрэглэсээр байв.

—Хүүперийн бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Чэйс С.

Эх сурвалжууд:

"Усгүй нэг өдрийг төсөөлцгөөе" кампанит ажлын албан ёсны цахим хуудас

АНУ-ын Усны холбооны цахим хуудас

https://imagineadaywithoutwater.org/about

http://uswateralliance.org/resources/blog/students-reflect-imagine-day-without-water

Монголын МСС-ийн Олон нийттэй харилцах багаас орчуулан хүргэж байна.