Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, улмаар эдгээр зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг энэ 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Д. Сүхбаатарын талбай”-д зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт Монголын мянганы сорилтын сан(ММСС) Барилга, хот байгуулалтын яамтай хамтран оролцсон бөгөөд ММСС-н хэрэгжүүлж буй Усны компакт гэрээ нь Тогтвортой хөгжлийн зорилгын Зургаадугаар буюу “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” зорилгыг хангаж байгаа юм.
Өдөрлөгийн үеэр НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, АНУ-ын элчин сайд Майкл Клеческий, Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин захирал Тина Юү, Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал(интерим) Д.Энхжаргал нар ММСС-гийн павилионоор зочилж, усны компакт гэрээгээр хэрэгжиж буй үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа.