Улаанбаатар хот, 2021 оны 8 дугаар сарын 02 – Компакт гэрээний санхүүжилтээр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах ажлын гэрээг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үзэглэлээ. Гэрээнд Монголын МСС-г төлөөлж Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, гэрчээр Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан МАПА группийг төлөөлж Төслийн захирал Омер Ишикман, гэрчээр Төслийн менежер Сулэйман Баяхан нар гарын үсэг зурав.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын АЭКОМ компани, үндэсний зөвлөх Престиж инженеринг ХХК боловсруулсан бол өнөөдөр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил бодитоор эхэлж байна.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэх МАПА групп нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, тэр дундаа усны болон нисэх буудлын барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, зочид буудал, зочлох үйлчилгээний салбар болон Европ, Ойрхи Дорнод, Зүүн Ази, Африкийн орнуудад агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж, дэд бүтцийн 200 гаруй төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн Турк улсад төвтэй олон улсын тэргүүлэх барилга угсралтын компаниудын нэг юм. Тус групп нь усны барилга байгууламжийн талбарт томоохон далан, усан цахилгаан станц, ус цэвэршүүлэх болон бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай бөгөөд БНТУ болон дэлхийн бусад оронд бүтээн байгуулсан ундны ус цэвэршүүлэх байгууламжууд нь нийт 15,000,000 хүн амыг аюулгүй, цэвэр цэнгэг усаар хангаж байна.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос гэрээнд гарын үсэг зурах үеэр хэлсэн үгэндээ “Бид Монголын анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Бид маш хариуцлагатай ажлыг эхлүүлж байна. МАПА группийн хувьд өнгөрсөн найман сарын хугацаанд дэлхийн олон шилдэг компанитай өрсөлдөж шалгарсан, дэд бүтцийн, тэр дундаа усны барилга байгууламжийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай компани учраас бидний хүлээлт өндөр байна. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд олон янзын эрсдэл, бэрхшээл тулгарна гэдгийг бид ойлгож байгаа. Тэр дундаа Ковид-19 цар тахлын эрсдэл, манай орны эрс тэс уур амьсгалаас хамааралтай цаг хугацааны эрсдэл зэргийг маш нарийн тооцож, өндөр мэдрэмжтэй ажиллах шаардлага гарна. Та бүхэн улсынхаа, компанийнхаа нэр төрийг хичээж, чанартай, сайн үйлдвэр барина гэдэг итгэж байна” хэмээн цохон тэмдэглэв.
Сонгинохайрхан уулын зүүн бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил 2024 оны сүүлчээр дуусч, ашиглалтад орох бөгөөд туршилт тохируулгын ажил нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.