Монголын MСС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

337290572 881372019762676 2713381766557011236 N

Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

337264270 607241407540583 3042805360368896188 N

Хурлыг Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг даргалж, Удирдах зөвлөлийн гишүүд, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тина Юү, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон холбогдох захирлууд, албаны бусад хүмүүс оролцов.

Dsc04056

Хурлын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Удирдах зөвлөлийн иргэний нийгэм, төрийн бус байгууллагыг төлөөлөх шинэ гишүүнээр сонгогдсон “Трэнспэрэнси Интернэшнл – Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргалыг танилцууллаа.

Dsc04052 2

Dsc04061

Хурлаар Барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам болон Монголын МСС-ийн хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг, Удирдах зөвлөлийн дэргэдэх Аудит, эрсдэлийн хорооны дүрэм, Монголын МСС-ийн 2023 оны 2 дугаар улирлын санхүүжилт болон 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа.

Түүнчлэн, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гүйцэтгэсэн Хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны үр дүнг түгээх, Хэрэглэгчдийн төлбөрийн чадавхыг судлах зорилгоор Үндэсний статистикийн газартай байгуулсан Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт, Дотоод аудитын багийн 2022 оны үйл ажиллагааны тайлан, Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, шийдвэрлэх асуудлууд, Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг гадна цахилгаан, дулаанаар хангах ажлын бэлтгэл, эрсдэлүүд болон бусад асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулав.

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Сангийн сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2023 оны 3 дугаар сарын байдлаар нийт 20 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.