Улаанбаатар хот, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр - Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ) ОНӨААТҮГ-ын хөрөнгийн менежментийг сайжруулах техникийн туслалцаа үзүүлэхээр Компакт гэрээнд тусгасан. Энэхүү техникийн туслалцааг үзүүлэх зөвлөх үйлчилгээний эхлэлийн уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтыг нээн Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл хэлсэн үгэндээ “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Олон улсын усны ассоциацаас боловсруулсан “AquaRating” үнэлгээний аргачлалыг ашиглан УСУГ-ын үйл ажиллагааг 2019-2021 оны хооронд нарийвчлан үнэлж, цаашид сайжруулах шаардлагатай тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон. AquaRating үнэлгээний үр дүнд УСУГ-ын хөрөнгийн менежментийг сайжруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, олон улсын нээлттэй тендерийн баримт бичгийг бэлтгэх суурь тавигдсан” болохыг онцоллоо.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь УСУГ-ын үйл ажиллагааг урт хугацаанд сайжруулах зорилгоор хөрөнгийн менежментийг сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгааг хийж, УСУГ-ын үндсэн хөрөнгийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө болон бодлогын баримт бичгийг боловсруулах юм. Мөн УСУГ-т хөрөнгийн менежментийн программ хангамж нэвтрүүлэхэд шаардлагатай туслалцааг үзүүлэх юм.
УСУГ-ын үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулах техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээг Франц улсын “Seureca” инженерийн зөвлөх компани, дотоодын туслан гүйцэтгэгч “Престиж Инженеринг ХХК”-тай хамтран гүйцэтгэх юм. “Seureca” компанийн зөвлөх үйлчилгээний багийн ахлагч бөгөөд хөрөнгийн удирдлагын зөвлөх мэргэжилтэн Арнауд Давид тус компанийн туршлага, техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын шат дараалал, аргачлал, УСУГ-ын үүрэг оролцоо, хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа.
Монголын Мянганы сорилтын сангийн Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх “УСУГ-ын хөрөнгийн менежментийг сайжруулах техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээний төсөл цаг үеэ олсон, чухал төсөл юм. УСУГ-т хөрөнгийн менежментийн олон улсын түвшинд хэрхэн явагдаж буй сайн туршлагыг судалж, хөл нийлүүлэх зайлшгүй шаардлага бий” гэв.
Уулзалтыг чиглүүлж удирдсан Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал төсөл хэрэгжүүлэгчдэд хандан, зөвлөх үйлчилгээ амжилттай хэрэгжихэд УСУГ-ын болон салбарын холбогдох байгууллагуудын идэвхитэй оролцоо, санал зөвлөмж, чиглүүлэг чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Тус уулзалтад Монголын МСС, Улаанбаатар хотын УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтэс, Үйл ажиллагааны хяналтын хэлтэс, Эдийн засаг, санхүү бүртгэлийн хэлтэс, Ус хангамжийн алба, Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж, Шугамын ашиглалт, засварын алба, Шугамаар ус хангах алба, Зөөврөөр ус хангах албаны ажилтнууд, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Франц улсын “Seureca” компани, “Престиж Инженеринг ХХК”-ийн төлөөлөл оролцлоо.