Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 19 – Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос 2021 оны 3 дугаар сарын 18 өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Махмуд Бах болон шинээр томилогдсон Гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортютай цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд МСК-ын Гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Алексиа Латортю өөрийгөө товч танилцуулаад, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлж, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын төлөө үр дүнтэй, ойр дотно хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрбээр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын энэ амаргүй цаг үед ч Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж, төлөвлөсөн ажлуудаа цаг тухайд нь хийж хэрэгжүүлж байгааг сайшааж, найдвартай, итгэл даасан түнш байгаад талархлаа илэрийлэв.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос хатагтай Алеска Латортюг МСК-ын Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон баяр хүргээд, ажилд нь амжилт хүсч, цаашид ч найдвартай, итгэл даасан түнш байж, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ хоёрхон долоо хоногийн дараа хүчин төгөлдөр болж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхлэх гэж буйг юун түрүүнд дуулгаад, дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын аюул нүүрлэсэн сүүлийн нэг жил гаруйн хугацаанд олон олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийг цаг хугацаанд биелүүлж чадсаныг илтгэлээ. Цар тахлын энэ үед биелүүлэхэд амаргүй хэд хэдэн болзолт нөхцөлийг хангахад Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, агентлагууд шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж, хоорондоо мөн нягт хамтран ажилласныг онцлов.
Монголын МСС цар тахлаас үүдэлтэй эрсдэлийг цаг тухайд нь үнэлж, амжилттай удирдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх хамгийн том бүтээн байгуулалт буюу Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийнхээ зураг төсөл боловсруулах ажлыг бүрэн дуусгаж, үйлдвэрийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний ажилдаа ороод буйг дуулгалаа.
Төгсгөлд нь, цар тахлын болоод Монгол орны эрс тэс уур амьсгалтай холбоотой цаг улирлын саад бэрхшээлүүдтэй зэрэгцэн төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж дуусгах илүү том сорилт эхлэх гэж буйг дурдаад, нийслэл Улаанбаатар хотын ирээдүй хэтийн хөгжлийн суурь болох ус хангамжийн асуудлыг шийдэж, том зургаар харахад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цагаа олсон асар том хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлж буй Америкийн ард түмэн, Засгийн газар, Мянганы сорилтын Корпорац, түүний дотор өдөр тутамдаа зөвлөж, техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй МСК-ын Усны барилга байгууламжийн асуудал хариуцсан Ахлах захирал Кумар Ранганатан, дэд захирал Гэйл Чэмберс, Хөтөлбөрийн худалдан авах ажиллагаа хариуцсан Ахлах захирал Майк МакЭнтайэр нар болон дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй бусад бүх захирал, мэргэжилтэнд гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.