Улаанбаатар хот, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр – Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Олон нийтийн дадал хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны хүрээнд ус олборлох, дамжуулан түгээхтэй холбоотой бодит өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах замаар усны үйлчилгээнийхээ төлбөрийг цаг тухайд нь төлөх дадлыг хэвшүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр Компакт гэрээнд тусгасан. Салбарын оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусган боловсруулсан энэхүү дэд төслийн дизайны дагуу “Хэрэглэгчдэд үзүүлэх ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа” болон “Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах медиа кампанит ажил” гэсэн хоёр цогц нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэхээр тогтсон.
Эхний үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч бүх байгууллага нэгдсэн систем ашиглах боломжийг бүрдүүлэх цахим шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 250,000 гаруй мянган айл өрх, ААН-ийн хэрэглэгчдийг нэгдсэн мэдээллийн системд холбож, төлбөр төлөх систем, ухаалаг гар утасны аппликэйшн, нэгдсэн дуудлагын төвийн үйлчилгээнд холбох зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. Ийнхүү хэрэглэгчдэд үзүүлэх ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн цахим шинэчлэлийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын тендерийн сонгон шалгаруулалтад “Аствишн” компани шалгарч, цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж ийнхүү байна.
Энэхүү цахим шинэчлэлийн хүрээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний орон сууцны хэрэглэгчдийн дата мэдээллийг системд оруулах, түүнд тулгуурлан дижитал платформыг хөгжүүлэх учир зөвхөн мэдээллийн технологийн ажлаар хязгаарлагдалгүй дизайны шатанд оролцсон бүх талууд болох БХБОСЯ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ХСУХАТАҮЗХ, Усны газар, УСУГ, ОСНААУГ, хувийн орон сууцны 69 конторууд, ХОСНАА-н хөгжлийн төв, ОСНАА-н мэргэжлийн холбоодтой хэрэгжилтийн шатанд ч үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах юм.