ДАХИН БОЛОВСРУУЛСАН УС ДАМЖУУЛАХ ШУГАМ СИСТЕМ, ДЦС-УУДЫН ТЕХНИКИЙН УСНЫ СХЕМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Dsc04908

Улаанбаатар хот, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр – Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд Ус дамжуулах шугам систем, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын техникийн усны схемийн өөрчлөлтийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үзэглэлээ. Гэрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, гүйцэтгэгчээр шалгарсан “М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваахүү нар гарын үсэг зурав.

Dsc04784

Dsc04793

Dsc04825

Dsc04838

Dsc04854

Dsc04802

Dsc04881

Dsc04887

Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анхны томоохонд тооцогдох Ус дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн дэргэд барьж байгаа бөгөөд тус үйлдвэрээс гарах дахин ашиглах цэвэрлэсэн усыг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах систем, мөн дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотойгоор ДЦС-уудын техникийн усны схемд оруулах өөрчлөлтийн барилга угсралтын ажлыг энэхүү гэрээгээр гүйцэтгэх юм.

Ус дамжуулах шугам систем, ДЦС-уудын техникийн усны схемийн өөрчлөлтийн барилга угсралтын ажлыг 2025 оны I улиралд дуусгаж, туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм. Ус дахин боловсруулах үйлдвэр, ус дамжуулах шугам систем ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. ДЦС-ууд уг цэвэрлэсэн усыг хөргөлтийн ус, галын ус, үнс зайлуулах системүүд болон бусад зориулалтаар ашиглаж, газрын гүний усны хэрэглээг бууруулах бөгөөд ингэснээр жилдээ 18 сая метр куб гүний цэнгэг усыг хэмнэж, Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ.

Гарын үсэг зурах арга хэмжээний үеэр талууд Улаанбаатар хотын усны хязгаарлагдмал нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд чухал хувь оруулах энэхүү төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Dsc04922 1

Ус дамжуулах систем ба холбогдох дэд бүтцүүд, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, СКАДА удирдлагын системийн барилга угсралтын ажлыг   хариуцан гүйцэтгэхээр шалгарсан “М Си Эс Интернэйшнл” ХХК нь “М-Си-Эс Групп“ ын ууган компани бөгөөд 1993 оноос эхлэн эрдэс баялаг, эрчим хүчний салбарын шинэчлэлт, өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж ирсэн Монголын үндэсний тэргүүлэх инженерингийн компани юм. Тус компани нь Замын-Үүдэд “Гэгээн”  нарны цахилгаан станц (15МВ),  Хөшигийн хөндийн “Бөхөг” нарны цахилгаан станц (15МВ), Сайншанд салхин парк (55МВ), Цогтцэций “Цэций 50МВТ салхин цахилгаан станцын төсөл”, Ухаа Худаг цахилгаан станц, Оюу Толгойн 220кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, “Дулааны станцын өргөтгөл” зэрэг томоохон төслүүдийг амжилттай  хэрэгжүүлсний дээр Япон улсын “Мицүбиши Хитачи Повер Системс” компанитай хамтарсан консорцумаар Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн үр ашгийг дээшлүүлэх MON P-10 төсөл, мөн төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний системийн диспетчерийн хяналтын шинэ систем байгуулах СКАДА төслийг хамтран хэрэгжүүлжээ.

###

Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.