АНУ-ын Элчин сайд М.Клечески “ухаалаг” худгийн үйл ажиллагаатай танилцлаа

Dsc 0204

Улаанбаатар хот, 2020 оны 07 дугаар сарын 07 – АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын гэр хорооллоор хийсэн албан бус танилцах аяллынхаа хүрээнд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 114 дүгээр “ухаалаг” ус түгээх байрны үйл ажиллагаатай танилцлаа. 114 дүгээр ус түгээх байр нь 2015 оноос УСУГ-ын ухаалаг системд шилжүүлэн ажиллуулж буй нийт 142 ус түгээх байрны нэг юм.

Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын дарга Ц.Төрхүү Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотыг ундны усаар хангаж буй УСУГ-ын үйл ажиллагаа болон ухаалаг худгийн талаар товч танилцуулав. Тэрбээр ус түгээх байрыг ухаалаг системд шилжүүлснээр ус хангамжийн үйлчилгээ нь иргэдэд илүү хүртээмжтэй болж байгааг онцолсон юм. Түүнчлэн Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ухаалаг ус түгээх байруудын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж буйд талархаж буйгаа илэрхийллээ.

Dsc 0076 1

Dsc 0080

Мөн энэ үеэр Монголын Мянганы сорилтын сангийн (Монголын МСС) Усны салбарын Тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал Компактын  дагуу хэрэгжүүлэх Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагааны талаар Элчин сайдад товч мэдээлэл өгч, сонирхсон асуултанд хариуллаа. Тэрбээр “УСУГ нь төвийн шугамд холбогдсон 320, зөөврийн 330, нийт 650  орчим  ус түгээх байраар дамжуулж Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдыг ундны цэвэр усаар хангадаг. Ингэхдээ нэг литр усыг хүргэхэд 8-9 төгрөгийн зардал гаргаж, эргүүлээд 1 төгрөгөөр борлуулдагаас ашиглалтын байгууллага жил бүр ихээхэн алдагдал хүлээдэг. Иймд Монголын МСС Компакт гэрээний хөрөнгөөр гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төвлөрсөн шугамд холбогдсон, гар ажиллагаатай 100 орчим ус түгээх байрыг автомат ажиллагаанд шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм” гэж мэдээллээ.

Dsc 0284

Элчин сайд Майкл Клечески ухаалаг худгийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон Монголын МСС болон УСУГ-т талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.  

Ухаалаг систем шилжүүлснээр ус түгээх байрууд 24 цагийн ажиллагаатай болж, гэр хорооллын иргэд, оршин суугчид цагийн аливаа хязгаарт баригдалгүй, усаа хүссэн цагтаа авч ашиглах таатай боломж бүрдсэнийг энэ үеэр ус авахаар ирсэн иргэд хэлж байлаа.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.