Улаанбаатар хот, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалтыг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монголын барилгын үндэсний ассоциац (МБҮА)-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Танилцуулах уулзалтад МБҮА-ын удирдлагууд болон 40 гаруй гишүүн байгууллагын төлөөлөл оролцов.
МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ цахим хурлыг хамтран зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлээд, 160 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн МБҮА-ын талаар товч танилцуулга хийв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж харж байгаагаа цохон тэмдэглээд, хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалт, барилга угсралтын ажилд МҮБА-ийн зүгээс хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийллээ.
АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин цахим уулзалтыг санаачлан зохион байгуулж буй МБҮА болон оролцогч гишүүн байгууллагуудад хариу талархлаа илэрхийлээд, АНУ-ын Засгийн газрын гадаад тусламж хариуцсан агентлаг болох МСК-ын талаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн Компакт гэрээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжууд болон давуу талуудыг цохон тэмдэглэлээ.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаануудыг товч танилцуулаад, Компактын хүрээнд зохион байгуулах тендерүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламжаар хийж хэрэгжүүлэх эдгээр томоохон бүтээн байгуулалтад дотоодын компаниудаа идэвхтэй оролцуулахыг зорьж ажиллаж буйгаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн Монголын МСС-ийн холбогдох захирлууд “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”, “МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж, холбогдох журам”, “МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгаа”-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Уулзалтын төгсгөлд Монголын МСС-ийн зүгээс бүтээн байгуулалтын эхний томоохон сонгон шалгаруулалт болох Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерт оролцох сонирхолтой компаниудад зориулан 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр буюу ирэх лхагва гаригт зохион байгуулах гэж буй Тендерийн санал ирүүлэхийн өмнөх танилцуулах уулзалтад МБҮА-ын гишүүн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урилаа.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.