Монголын МСС нь Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ)-тай Барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар 2023 онд санамж бичиг байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд “Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлд Монголын МСС-г төлөөлөн Жендэр, нийгмийн оролцооны асуудал хариуцсан захирал А.Отгончимэг оролцон ажиллаж байна.
Тус зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан “Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн Жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт”-ийг боловсруулахад Монголын Мянганы сорилтын сан хамтран ажиллаж байгаа билээ.
Зөвлөлийн гишүүдэд Усны компакт төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нар олон улсын болон дотоодын ямар бодлого журам, стандартыг мөрддөг, төслийн бодлого төлөвлөгөөнд жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоог хангах тухай хэрхэн тусгадаг, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тоон мэдээллээ хэрхэн тогтмол хөтөлдөг талаар мэдээллийг хуваалцсан юм.
Мөн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зөвлөлийн гишүүдэд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Гүний худаг, шугам сүлжээ татах барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Израил улсын Баран групп болон үндэсний туслан гүйцэтгэгч Эм Эм Си, Монкон ХХК-ны туслан гүйцэтгэгчийн Хан-Уул дүүргийн Биокомбинат дахь барилгын талбай дээрх ажиллагсдын түр байранд жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчны бүрдүүлсэн сайн туршлагыг танилцуулав.
БХБЯ-аас барилга угсралтын ажил гүйцэтгэгч байгууллагуудтай уулзахдаа “Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн Жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт”-ийн төслийг танилцуулж туршилт үнэлгээ хийв.
Туршлага солилцох уулзалт нь БХБЯ-аас боловсруулж буй дээрх шалгуур үзүүлэлтийг амьдрал практикт нийцүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг БХБЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Х.Ган-очир онцоллоо. Мөн Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид монголын барилгын компаниуд олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн ажиллах туршлагатай болж байгааг сайшаав.