“Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” төслийн хурал боллоо

Улаанбаатар хот, 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр - Монголын МСС нь “Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” төслийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн нэг жилийн гүйцэтгэлийг дүгнэх хурлыг 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын МСС-ийн байранд зохион байгууллаа. Төслийн гүйцэтгэгч Эйч Ти Эл компани бүтэн жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тоймыг танилцуулж, тулгарсан сорилт бэрхшээл, ололт сургамжийг дүгнэн илтгэж, цаашдын ажлын төлөвлөгөө, төслийн эрсдлийн үнэлгээ, удирдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Dsc02131

Тус хуралд төслийн хэрэгжилтийг дэмжих, хяналт тавих зорилгоор томилогдсон УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтэс, Үйл ажиллагааны хяналтын хэлтэс, Захиргаа, удирдлагын хэлтэс, Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж, Шугамаар ус хангах албаны инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Түүнчлэн, Монголын МСС, Хөтөлбөрийн менежментийн зөвлөх компани Тетра Тех-ийн хамт оролцож, хамтын ажлаа ийнхүү дүгнэлээ.  

Dsc02137

Гэр хорооллын 6 дүүргийн 50 гаруй хороодод байрлах 180 ус түгээх байрны барилгын заслын ажлыг хүйтний улирлаас өмнө бүрэн дуусгаж, хүлээлгэн өгсөн бөгөөд төслийн нийт гүйцэтгэлийн 53%-ийг 2023 онд хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд Монгол улсын болон Олон улсын шаардлагыг хангаж ажиллаж буйгаас гадна төслийн гүйцэтгэгчид болон ус түгээх байрны ажилтан, ус түгээх байраар үйлчлүүлэх иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллаж байгааг холбогдох инженерүүд мөн онцоллоо.

Dsc02127

УСУГ-ын Ажлын хэсгийн дарга Д.Мөнхзул төслийн гүйцэтгэлд МСК, Монголын МСС, УСУГ-ын ажлын хэсгийн гишүүд, Тетра Техийн зөвлөхүүдийн үүрэг, оролцоо, дэмжлэг туслалцаа чухал байсныг дурдаж талархсанаа илэрхийллээ.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл талуудын нягт уялдаатай хамтран ажиллагааг онцолж, тулгарсан асуудал, бэрхшээлийг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, төслийг хуваарийн дагуу гүйцэтгэж байгаад баяр хүргэж,  энэ эрчээрээ төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгахыг хүсэхийн зэрэгцээ, тогтмол дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа УСУГ-ын Ажлын хэсэгт талархал илэрхийллээ. 

Dsc02152