Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогосыг хүлээн авч уулзлаа

2f7b53eb Aa46 469f 9b74 243b2e36a6c4@ Зургийг gogo.mn сайтаас 

Улаанбаатар хот, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр - Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогосыг хүлээж авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Монголын МСС-ийн Хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр, мэргэжилтэн П.Энхмандах нар байлцав.

Уулзалтаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар  танилцууллаа. Түүнчлэн Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүд буюу Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг амлалт, тэдгээрийн биелэлт, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Компакт гэрээг хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийн эрхийг нээж, бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлаа эхлүүлэх үүднээс урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хангахад нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн эдгээр мэдээлэлтэй танилцаад, нийслэлийн удирдлагуудын зүгээс Компакт гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, урьдчилсан болзолт нөхцөлүүдийг цаг алдалгүй биелүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэхээр тохиров.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК-ын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг нийслэл хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах, түүнчлэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг суурийг тавьж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгох юм.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.