Улаанбаатар хот, 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр – Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг “Хангарди” ордонд 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон 70 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр-Аж үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрсдэлүүд” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр “Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх ус, Төв цэвэрлэх байгууламжаас гарах ус, ХУДБҮ-ээс ДЦС-ууд руу нийлүүлэх ус дор бүрнээ стандартын шаардлага хангаж байж аль аль нь эрсдэлгүй, аюулгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Иймээс ТЦБ-д хүлээж авч байгаа усыг стандартын шаардлага хангуулахын тулд үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх шаардлагатай байгаа юм. Эцсийн дүндээ, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэдэг болох нь Улаанбаатар хотыг ундалдаг, ундны эх үүсвэрийг тэтгэдэг Туул голоо эрүүл, экологийн хувьд цэвэр ариун байлгахад чухал ач холбогдолтой” гэдгийг тодотголоо.
УСУГ-ын дарга Ц.Төрхүү Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, шинэ Төв цэвэрлэх байгууламжийн талаар танилцуулж, Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны бохирдлын агууламжийг бууруулахад анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ үеэр бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн ус бохирдуулдаггүй, урьдчилсан цэвэрлэх байгууламжтай аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.