ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТААР ГАДААД, ДОТООДЫН 17 КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Улаанбаатар хот, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж буйтай холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 17 компанийн төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Dsc04051 2

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлын зорилго, цар хүрээ болон техникийн шаардлагыг танилцуулав.

Үргэлжлүүлэн тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлс, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар мэдээлэл өглөө.

Dsc04047

Төгсгөлд нь оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг танилцуулга мэдээлэл, хурлын тэмдэглэлийн хамт бүх оролцогчдод цахим шуудангаар илгээхээ мэдэгдэв.

Dsc 1242

Dsc 1229

Холбогдох төслийн талбартай танилцах аяллыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний  өдөр зохион байгуулсан бөгөөд Ус сувгийн удирдах газрын төв байр, Баянзүрх дүүргийн 2 болон 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах ус түгээх байруудтай тус тус танилцуулж, мэдээлэл өглөө. Аялалд нийт 11 компанийн төлөөлөл оролцов.

###

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.