УСУГ-ЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ УСНЫ АШИГЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НИДЕРЛАНДЫН УСНЫ АШИГЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Screenshot 2024 08 09 153652

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний Усны ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сан нь хэд хэдэн үе шат бүхий ажлыг Ус сувгийн удирдах газар (“УСУГ”)-тай хамтран төлөвлөж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2019-2021 онд Олон улсын усны ассоциацаас боловсруулсан “AquaRating” аргачлалыг ашиглан УСУГ-ын үйл ажиллагааг нарийвчлан үнэлж, цаашид сайжруулах шаардлагатай тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд тэдгээр чиглэлийн дагуу Нидерландын Вант Улсын усны ашиглалтын байгууллагатай харилцан мэдлэг, туршлага солилцох замаар УСУГ-ын инженер, техникийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх түншлэлийн хөтөлбөрийг 2023-2025 оны хооронд хэрэгжүүлэх юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нидерландын усны нарийн мэргэжлийн инженерүүд УСУГ-т ажиллаж мэдлэг туршлагаа хуваалцан, сургалт, чадавхжуулах ажлууд хийхээс гадна давхардсан тоогоор УСУГ-ын 200 орчим инженер, техникийн ажилтан ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, орлого болоогүй ус, SCADA болон автоматжуулалт, хөрөнгө, санхүүгийн удирдлага, онцгой байдлын үеийн шуурхай ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авалт, хүний нөөц зэрэг чиглэлээр Нидерландын усны ашиглалтын зургаан байгууллагад зочилж, сайн туршлагад суралцан, байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын системийг урт хугацаанд илүү тогтвортой, үр ашигтайгаар хангах, УСУГ-ын үйл ажиллагааны чадавх, техникийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.