Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн дүн шинжилгээ


Мониторинг, үнэлгээний үйл ажиллагааны зорилго нь Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих төслүүдийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд мониторинг хийн, удирдлагын түвшинд шаардлагатай мэдээллийг боловсруулан гаргах, улмаар Монголын МСС болон Мянганы сорилтын корпорацын үйл ажиллагааны эцсийн үр дүнг хараат бусаар үнэлэхэд оршино. 

Мониторинг, үнэлгээний үйл ажиллагааны хүрээнд бүх төсөл, ажиллагааны хэрэгжилтэд Компакт гэрээний 3 дугаар хавсралтын дагуу мониторинг, үнэлгээг хийх ба Компакт гэрээний хэрэгжилтийн бүхий л хугацааг хамарч, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Компактын хэрэгжилт хөтөлбөрийн дизайны дагуу явагдаж байгаа эсэхийг нягтална.  Эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах нь Компактын үндсэн зорилго бөгөөд энэхүү зорилгыг хангах үүднээс хөрөнгө оруулалтын өгөөж, үр дүнд хүрэх арга замыг урьдчилан тодорхойлдог. Хөтөлбөрийн хэрэгжилтээс хамааран хөрөнгө оруулалтын өгөөж, шалгуур үзүүлэлт, үйл ажиллагааны цар хүрээ зэргийг шинэчлэн тодорхойлно.

2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийнэ. Хөтөлбөрийн бүх шатанд хийгдэх хяналтын үйл ажиллагааг системтэй, тогтмол, “шалгуур үзүүлэлтийг мөрдөх” замаар хэрэгжүүлнэ.

3. Хөтөлбөрийн эцсийн үр дүнд үнэлгээ хийнэ. МСК-ын хөгжлийн тусламжийн үр дүнг нөлөөллийн үнэлгээгээр тодорхойлох бөгөөд МСК-тай хамтран нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэнэ. Нөлөөллийн үнэлгээний үр дүн бодит, үнэн зөв байх шаардлагатай бөгөөд төслийн хэрэгжилтийг зохистойгоор удирдах, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлох, үр дүнд шинжилгээ хийхэд ач холбогдол нь оршино.

4. Болзошгүй эрсдэлүүд ба нөхцөлүүдийг үнэлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх логик дараалал нь тухайн төслийн гадаад орчин, улс төр, эдийн засгийн хүчин зүйлс, оролцогч талуудын уялдаа холбооны талаарх урьдчилсан хүлээлт дээр суурилдаг. Тэдгээр болзошгүй эрсдэл, нөхцөлийг явцын дунд урьдчилан таамаглаж тодорхойлно.

5. Мониторинг, үнэлгээг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтаар хангана. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө Мониторинг, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Засгийн газар, МСК-аар батлуулна. Тус төлөвлөгөөний дагуу шаардлагатай судалгааг хийх, мэдээлэл цуглуулах, тайлагнах, мэдээллийн чанарын үнэлгээ зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.