Манай дэлхийг усаар арвин гариг гэж хэлж болно. Тэгвэл яг хэр их устай вэ? Дэлхийн гадаргын ойролцоогоор 71 хувь нь усаар бүрхэгдсэн бөгөөд нийт усны 96.5 хувийг далай тэнгисийн ус бүрдүүлдэг. Үүнээс гадна агаарт уур хэлбэрээр, гол, нууруудад шингэн ус хэлбэрээр, мөнх цаст оргилууд, мөсөн голуудад мөс, цас хэлбэрээр, газрын гүнд, уст давхаргад хөрсний чийг хэлбэрээр ус оршиж байдаг. Бүр таны бие махбодод, бусад амьтад, амьд организмуудад ч ус оршдог.
Ус хэзээ ч нэг газраа тогтвортой байдаггүй, байнгын хөдөлгөөн, эргэлтэд байдаг. Усны энэхүү эргэлтийн ачаар манай гаригийн ус хангамж цаг үргэлж нэг газраас нөгөө шилжиж, нэг төлвөөс нөгөөд хувирч, амьд бүхнийг, амьдралыг тэжээн тэтгэж байдаг.
Дэлхийн бүх усыг нэг бөмбөлөгт багтаавал...
Дээрх зурагт дэлхий дээрх усны хэмжээг дэлхийн хэмжээтэй харьцуулав. Том цэнхэр бөмбөлгөөр дэлхийн нийт ус, жижиг бөмбөлгөөр цэвэр усны хэмжээг төлөөлүүлэв. Дэлхийн нийт усны хэмжээ 1 тэрбум 386 сая километр куб бөгөөд 1385 км диаметртай бөмбөлөгт багтана. Харин газрын гүний болон гадаргын нийт цэвэр усны хэмжээ 10 сая 633 мянга 450 километр куб бөгөөд 272.8 километр диаметртай бөмбөлөгт багтана. Бидний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй энэ бүх цэвэр усны ихэнх нь газрын гүнд болон шууд авч хэрэглэх боломжгүй нөхцөлд байдаг. Тодруулбал, нийт цэвэр усны 69 хувь нь мөнх цаст оргил, мөсөн голуудад, 30 хувь нь газрын доор, үлдсэн 1 хувь нь л газрын гадарга дээр байдаг.
Одоо та хамгийн жижиг бөмбөлгийг олж харж байна уу? Энэ бөмбөлөг манай гариг дээрх бүх гол, нуурын усны хэмжээг төлөөлж байгаа юм. Хүмүүс бидний өдөр тутамдаа хэрэглэж буй, дэлхий дээрх ихэнх амьдралыг тэжээн тэтгэж буй усны хэрэгцээг эдгээр гадаргын уснаас хангадаг. Нийт хэмжээ нь ердөө 93 мянга 113 километр куб, 56.2 километр диаметртай бөмбөлөгт багтана. Хэдийгээр хүмүүсийн унд, ахуй болон хөдөө аж ахуй, газар тариалангийн хэрэгцээг ихэвчлэн гадаргын усаар хангадаг ч газрын доорх ус нь гол, нуурууд зэрэг гадаргын усыг тэжээн тэтгэхээс гадна гадаргын усаар хомс газар, орнуудад хүмүүсийн унд, ахуйн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үүнээс гадна ойролцоогоор 12 мянга 900 километр куб ус ихэвчлэн уур хэлбэрээр агаар мандалд оршиж байдаг. Хэрэв агаар мандал дахь ус нэгэн зэрэг хур тунадас болон буувал дэлхийн нийт гадаргыг 2.54 см усаар бүрхэнэ гэсэн тооцоо бий. Өдөр бүр 1170 километр куб ус ууршиж, агаар мандалд дэгдэн хөөрч байдаг байна.
Дашрамд хэлэхэд, нэг километр куб ус 999 тэрбум литртэй тэнцэнэ.
Дэлхийн нийт усны тархац
Усны эх үүсвэр |
Усны хэмжээ (километр куб) |
Цэвэр усны нөөцөд эзлэх хувь хэмжээ (%) |
Нийт усанд эзлэх хувь хэмжээ (%) |
Далай, тэнгис, тэнгисийн булан |
1,338,000,000 |
-- |
96.54 |
Мөсөн оргил, мөсөн голууд, мөнх цэвдэг |
24,064,000 |
68.7 |
1.74 |
Газрын доорх ус |
23,400,000 |
-- |
1.69 |
Цэвэр |
10,530,000 |
30.1 |
0.76 |
Давстай |
12,870,000 |
-- |
0.93 |
Хөрсний чийг |
16,500 |
0.05 |
0.001 |
Газрын доорх мөстлөг & Мөнх цэвдэг |
300,000 |
0.86 |
0.022 |
Нуурууд |
176,400 |
-- |
0.013 |
Цэнгэг |
91,000 |
0.26 |
0.007 |
Давстай |
85,400 |
-- |
0.006 |
Агаар мандал |
12,900 |
0.04 |
0.001 |
Намгийн ус |
11,470 |
0.03 |
0.0008 |
Гол, мөрөн |
2,120 |
0.006 |
0.0002 |
Биологийн ус (амьд организмд агуулагддаг ус) |
1,120 |
0.003 |
0.0001 |
Эх сурвалж: USGS (https://www.usgs.gov/special-topic/water-science-school/science/how-much-water-there-earth?qt-science_center_objects=0#qt-science_center_objects)