Улаанбаатар хот, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) төсөл хөтөлбөрийн нийгмийн нөлөө, жендэрийн асуудлыг барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хэрхэн тусгаж хэрэгжүүлж буй талаар танилцуулах туршлага солилцох аяллыг Сонгинохайрхан уулын бэлд баригдаж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зохион байгууллаа. Танилцах аялалд Барилга, хот байгуулалтын яамны (БХБЯ) 20 гаруй албан хаагч хамрагдав.
Танилцах аяллын үеэр, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа Туркийн “МАПА Иншаат” компанийн удирдлагууд, Хөтөлбөрийн менежментийн зөвлөх “Тетратек” компани болон Монголын МСС-ийн холбогдох багууд нийгэм, жендерийн асуудлыг төслийн бичиг баримтад тусгасан арга зүй, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх механизмын талаар илтгэл тавьж, оролцогчдыг практик ажиллагаатай биечлэн танилцууллаа. Ойрын жилүүдэд Барилга, хот байгуулалтын яам барилгын салбарын жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтөд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа талаар тус яамны төлөөлөл илтгэлдээ дурдаж, цаашид энэ асуудлаар Монголын МСС-тай хамтарч ажиллах болсноо дуулгав.
БХБЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ, аливаа төслийн хэрэгжилтэд нийгэм, жендэрийн асуудлыг тусгахад оролцогч бүх талуудын хамтын ажиллагаа туйлын чухал болохыг энэхүү танилцах аялал баталж харууллаа гээд, шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгахад цаашид анхааран ажиллах нь зүйтэйг мөн онцоллоо.
Нийтийн эрх ашгийг дээдэлсэн, шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлтэд нийгмийн бүх талуудыг оролцуулж, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхлаас ангид бүтээн байгуулалтыг барилгын салбарт хөхиүлэн дэмжих нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хурдасгах ач холбогдолтойг Монголын МСС-гийн Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал А. Отгончимэг онцолж үйл ажиллагааг хаалаа.
Монголын Мянганы Сорилтын сан (Монголын МСС) нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг Усны Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үе шат бүрт тусгаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.