Улаанбаатар хот, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр – Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац(МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх Ус дамжуулах шугам систем, Дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын техникийн усны схемийн өөрчлөлт ба автоматжуулалтын системийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх уулзалт 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Блю Скай зочид буудлын Кристал танхимд боллоо.
Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэх дөрвөн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын сүүлийнх нь ийнхүү албан ёсоор эхэлж байгаа юм.
Уулзалтад Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС), АНУ-ын МСК-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөтөлбөрийн менежментийн зөвлөх “Тетра Тек”, гэрээний гүйцэтгэгч “М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн төлөөллөөс гадна Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК болон Ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “М Си Эс Проперти” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Компакт гэрээг хэрэгжүүлэх цаг хугацааны нөөц хязгаартайг дахин тодотгоод, гүйцэтгэгч тал барилга угсралтын ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, газрын гүний цэнгэг усыг хэмнэх чухал ач холбогдол бүхий энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд холбогдох бүх талуудын оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг мөн онцлон тэмдэглэлээ.
АНУ-ын МСК-ын Монгол дахь суурин захирлын орлогч Бурак Инанч Компактын хүрээнд хийж гүйцэтгэх дөрвөн томоохон барилга угсралтын гэрээний хоёрынх нь гүйцэтгэгчээр Монголын компани шалгаран ажиллаж байгааг онцлоод, Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо буюу ФИДИК-ийн гэрээгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хариуцан гүйцэтгэж байгаа нь Монголын компаниудын цаашдын өсөлт хөгжил, дэлхийд өрсөлдөх чадварт томоохон хувь нэмэр оруулна гэдэг найдаж буйгаа илэрхийллээ.
Уулзалтаар гэрээний хүрээнд гүйцэтгэх ажлын цар хүрээ, барилга угсралтын талбайн онцлогууд, гүйцэтгэх багийн бүрэлдэхүүн, ажил гүйцэтгэх төлөвлөгөө, тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замууд, холбогдох талуудын оролцоо, дэмжлэг зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлаар танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анхны томоохонд тооцогдох Ус дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн дэргэд барьж байгаа бөгөөд тус үйлдвэрээс гарах дахин ашиглах цэвэрлэсэн усыг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах систем, мөн дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотойгоор ДЦС-уудын техникийн усны схемд оруулах өөрчлөлтийн барилга угсралтын ажлыг энэхүү гэрээгээр хийж гүйцэтгэх юм.
Ус дамжуулах систем ба холбогдох дэд бүтцүүд, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, автомат удирдлагын системийн барилга угсралтын ажлыг Монголын үндэсний тэргүүлэх инженерингийн компани “М Си Эс Интернэйшнл” ХХК хариуцан гүйцэтгэхээр шалгарч, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Барилга угсралтын ажлыг 2024 оны IV улиралд дуусгаж, туршилт тохируулгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Ус дахин боловсруулах үйлдвэр, ус дамжуулах шугам систем ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. ДЦС-ууд уг цэвэрлэсэн усыг хөргөлтийн ус, галын ус, үнс зайлуулах системүүд болон бусад зориулалтаар ашиглаж, газрын гүний усны хэрэглээг бууруулах бөгөөд ингэснээр жилдээ 18 сая хүртэл метр куб гүний цэнгэг усыг хэмнэж, Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэх юм.
###
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.