Улаанбаатар хот, 2021 оны 8 дугаар сарын 20 – Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барьж байгуулах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан уулын зүүн бэлд болж, үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.
Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Батмөнхийн Батцэцэг, Барилга, хот байгуулалтын сайд Бэгзжавын Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, хамтран ажиллагч агентлаг, байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Одоогоос гурван жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеогийн хамт Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж байлаа. Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын хувьд амин чухал ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх билээ. Ирээдүйн тогтвортой хөгжлийг тэтгэх эрхэм зорилго маань ийнхүү бодит ажил болон хөрсөнд бууж, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна. Та бидний хуран цуглаад буй энэ газар, Сонгинохайрхан уулын бэлд ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр сүндэрлэн босно. Энэ түүхэн өдрийн гэрч болж байгаадаа миний бие туйлын баяртай байна” гэлээ. Тэрбээр цааш нь цар тахлын энэ амаргүй цаг үед Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн бэлтгэлийг бүрэн хангаж, бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргасан хүн бүрт баяр хүргэж, талархал илэрхийлээд, бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд амжилт хүслээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клечески ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэгч гуравдагч хөршүүдээ тууштай дэмжихийн чухлыг онцлов. Тэрбээр “АНУ нь ардчилал хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг аль болох өрийн дарамт үүсгэхгүй буцалтгүй тусламжаар дэмжихийг эрмэлзэж ирсэн” хэмээсэн бол АНУ-ын МСК-ын Гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортю мөн видео мэндчилгээ ирүүлж, амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клечески, Гадаад харилцааны сайд болоод Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх Туркийн МАПА компанийн Төслийн захирал Омер Ишикман нар Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамцын заавраар Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах газрыг хөндөн шав тавив.
Арга хэмжээний дараа Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ “Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил маань өнөөдөр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлаар эхэлж байна. Бидний хувьд хоёр том үйлдвэр, ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэр барьж байгуулах, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулах, аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах хянах дэвшилтэт технологийн бүхий лаборатори байгуулах, түүнчлэн усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийг бий болгох энэ бүх ажлыг ирэх дөрвөн жил найман сарын хугацаанд багтаан хийж гүйцэтгэх ёстой. Компакт гэрээ хэрэгжүүлж буй бусад улс орноос ялгаатай нь Монголд барилгын улирал харьцангуй богино. Дээр нь, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид эрсдэлийн өндөр мэдрэмжтэйгээр, хийх ажлаа нарийн төлөвлөн, цаг хугацаатай уралдаж ажиллана. Монголын Мянганы сорилтын сан нь Засгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн засаг даргын тамгын газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн хамтын хүч, харилцан ойлголцолд түшиглэн, өмнөө тулгарах аливаа саад бэрхшээлийг давж, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
Энэ үеэр мөн Токиогийн Олимпийн наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер, УСУГ-ын Шугамын ашиглалт, засварын албаны ажилтан Ц.Цогтбаатар хамт олноо төлөөлж сэтгэгдлээ хуваалцав.
Сонгинохайрхан уулын зүүн бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг Туркийн МАПА групп хийж гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд тус компани нь дэлхий даяар найман тэрбум гаруй ам.долларын дэд бүтцийн бүтээн байгуулалтын 200 гаруй төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн, өдгөө 4 тэрбум гаруй ам.долларын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж буй Турк улсад төвтэй олон улсын тэргүүлэх барилга угсралтын компаниудын нэг юм. Тус групп нь усны барилга байгууламжийн талбарт томоохон далан, усан цахилгаан станц, ус цэвэршүүлэх болон бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай бөгөөд БНТУ болон дэлхийн бусад оронд бүтээн байгуулсан ундны ус цэвэршүүлэх байгууламжууд нь нийт 11,000,000 хүн амыг аюулгүй, цэвэр цэнгэг усаар хангаж байна.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлчээр ашиглалтад орж, туршилт тохируулгын ажил нэг жил орчим хугацаанд үргэлжлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.