Улаанбаатар хот, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, АНУ-ын МСК-ын Монгол дахь суурин захирал Алекс Рассин, Суурин захирлын орлогч Эрик Гүтшоф, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос нар байлцав.
Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал болоод цаашдын хөгжил, мөн хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэр дундаа Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхжүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ач холбогдлын талаар ярилцлаа. Компакт гэрээний санхүүжилтийн эрхийг нээж, ус хангамжийн салбарт дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг амлалтуудын биелэлтийг хангах асуудлуудаар талууд санал солилцож, байр сууриа илэрхийлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Компакт гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хамтын ажиллагаагаа одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээр хязгаарлалгүйгээр илүү өргөжүүлэн эрчимжүүлэх, мөн төсөл, хөтөлбөрүүдийг ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Элчин сайд Майкл Клеческид хэлсэн юм. Улмаар Элчин сайдын зүгээс энэхүү саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.