Монголын МСС болон ЖАЙКА харилцан уялдаатай ажиллахаар санал солилцов

Улаанбаатар хот, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр - Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн санал боловсруулах судалгааны хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) Монголын Мянганы Сорилтын сан (Монголын МСС)-тай цахим уулзалт хийж, аж үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах чиглэлээр мэдээлэл солилцлоо.

Dsc 0625

Уулзалтад Монголын МСС-аас Гүйцэтгэх захирал Э.Содонтогос болон холбогдох төслийн захирлууд, МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Рассин, ЖАЙКА-ын талаас Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Акацүка Мисато болон холбогдох бусад хүмүүс, түүнчлэн Японы усны салбарын тэргүүлэх зөвлөх үйлчилгээний компаниудын нэг “TEC International” компанийн төлөөлөл оролцов.

Dsc 0647

ЖАЙКА-гийн зүгээс Японы Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг судлах ажлын хүрээнд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах төслийн санал боловсруулан судалгаа хийж байгаа талаараа мэдээлэл өгч, Японы “TEC International” компанийн төлөөлөл Харуки Такахаши товч танилцуулга хийлээ.

Dsc 0627

Мөн Компакт гэрээний санхүүжилтээр Монголын Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаанууд, тэр дундаа Улаанбаатар хотын өнөөгийн болон ирээдүйн ус хангамжийн гол үүсвэр болсон Туул голын экосистемд аюул учруулж буй аж үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) тэргүүтэй холбогдох яам, агентлаг, бохирдол ялгаруулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран боловсруулсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”, түүний хэрэгжилтийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан мэдээлэл солилцов.

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргүүд, “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний талаар товч танилцуулав. Тэрбээр “Бохирдуулагч үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах нь үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл мөн. Гэвч өртөг өндөртэй болохоор үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хувьд хүндрэл учирч байгаа. Харин ЖАЙКА энэ төслөө хэрэгжүүлбэл монголчуудын олон зуун жил ундаалж ирсэн амин ус Туул голыг амьд байлгах, урсац, урсгалыг нь тэтгэхэд маш том дэмжлэг туслалцаа болно гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна үйлдвэр болгон урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах санхүүгийн боломж хомс. Тиймээс үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, мөн ялгаруулж буй бохирдлын хэмжээнээс нь хамаараад технологийн циклийг нь шинэчлэх зэрэг ялгаатай шийдлүүдийг судалж үзвэл ямар вэ. Мөн Харгиа УЦБ-ийг цаашид хэрхэн ашиглах тал дээр Японы талаас Монгол Улсын Засгийн газарт зөвлөж ажиллавал том дэмжлэг болно гэж бодож байна” гэв.

МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Рассин донор байгууллагын өмнөөс ЖАЙКА-гийн санаачилгад туйлын талархалтай буйгаа илэрхийлээд, “Миний бие өмнө нь Йордан, Армены Компакт дээр мөн ЖАЙКА-тай маш үр дүнтэй хамтарч ажиллаж байсан. Энэ удаад ч хамтарч ажиллахдаа туйлын баяртай байх болно. Монголд хэрэгжүүлж буй Компакт гэрээний хувьд МСК-ын зүгээс үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулахад техникийн туслалцаа үзүүлнэ. Харин үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах зардал санхүүжилтэд ороогүй. Тиймээс ЖАЙКА-гийн энэ төсөл дэмжигдвэл Компактын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой” гэлээ.

Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө” болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх яам, агентлагууд, бохирдуулагч үйлдвэрүүд, судлаач эрдэмтэдтэй хийсэн цуврал хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй хуваалцаад, энэ төслийг маш өндөр холбогдолтой гэж үзэж байгаа учир ЖАЙКА-гийн зүгээс дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.  

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх чиглэлд чармайн ажиллахаар тохиролцлоо.

АНУ-ын Мянганы Сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газар нь Төв цэвэрлэх байгууламжид орж буй хаягдал усны бохирдлын концентрацыг 2013 оны түвшин ба түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монголын МСС нь энэ дагуу Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) тэргүүтэй холбогдох яам, агентлаг, бохирдол ялгаруулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г боловсруулж, Засгийн газраар эцэслэн батлуулахаар ажиллаж байна.

Бохирдол ялгаруулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, хууль эрхзүй, холбогдох дүрэм журам, шаардлагатай шинэ стандартыг боловсруулах зэрэг цогц арга хэмжээг тусгасан энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийн тайланг Монголын МСС-аар дамжуулан АНУ-ын МСК-д хүргүүлж байх үүргийг гэрээний дагуу хүлээж байгаа юм.