“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтад 100 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо

Dsc 0090

Улаанбаатар хот, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд, төслийн хүрээнд зохион байгуулах барилга, угсралтын ажлын тендер шалгаруулалтын талаар дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮАХҮТ)-тай хамтран зохион байгууллаа. Уулзалтад хувийн хэвшлийн 100 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Амартүвшин, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Эрик Гүтшоф нар уулзалтыг нээж үг хэлэв.

Dsc 0132

Dsc 0143

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Амартүвшин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилттэй энэ томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. Тиймээс Компакт гэрээгээр ямар төслүүд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар мэдээлэл хуваалцахаар өнөөдөр бид Монголын МСС-тай хамтран энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Олон улсын том төсөлд дотоодын компаниуд дангаараа оролцох боломж бага. Ихэвчлэн хамтарч, түншилж оролцох боломжтой байдаг” гэсэн бол Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос “Эдгээр томоохон хөрөнгө оруулалтыг Монгол Улсдаа, өөрийн эдийн засагтаа, тэр дундаа хувийн хэвшлийнхэндээ хамгийн өндөр өгөөжтэй, үлдэцтэй байлгахын төлөө бид бүхэн хичээж ажиллаж байна. Тиймээс та бүхэн маань тендер шалгаруулалтад, цаашлаад эдгээр бүтээн байгуулалтад холбогдох журам, зааварчилгааг чанд мөрдөж, идэвхтэй оролцоно гэж итгэж байна.” гэлээ.

Dsc 0184

Dsc 0209

Dsc 0223

Dsc 0252

Уулзалтаар Монголын МСС-ийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх гурван гол төслийн талаар мэдээлэл өгсөн бол төслийн хүрээнд зохион байгуулах барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтууд, тендер шалгаруулалтад баримтлах зарчим, дүрэм журмууд болон бусад холбогдох мэдээллийг Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг, Санхүүгийн луйвар, авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх болон таслан зогсоох Мянганы сорилтын корпорац (МСК)-ын журам, зааврыг Хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр нар танилцууллаа. Түүнчлэн, Монголын МСС-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон худалдан авах ажиллагааг хариуцан гүйцэтгэж ажилладаг хараат бус Санхүүгийн төлөөлөгч АНУ-ын "Cardno Emerging Markets", Худалдан авах ажиллагааны төлөөлөгч Английн "Charles Kendall and Partners" компанийн төлөөлөл мөн оролцож мэдээлэл өгөв.  

Dsc 0128

Dsc 0283

Dsc 0335

Dsc 0272

Dsc 0318

Dsc 0301

Dsc 0309

Dsc 0359

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр санхүүжүүлэх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд жилдээ 50 сая хүртэл метр куб усыг хотын төвлөрсөн шугамд нийлүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт, түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөртөө 50 мянган метр кубыг татан авч цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн техникийн зориулалттай усны хэрэгцээнд нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт тус тус барьж байгуулахаас гадна усны салбарын хууль эрхзүйн орчин, институцийн чадавхийг сайжруулах, олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх замаар тус салбарын тогтвортой байдлыг хангах, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалах зорилго бүхий төслийг мөн хэрэгжүүлнэ.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.

 

Уулзалтад танилцуулсан илтгэлийг доорх холбоосоор татаж авна уу.
 
Танилцуулга татаж авах Folder