АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Усны Компакт гэрээний хэрэгжилтэд нийгмийн хүртээмжит байдлыг хангах зорилгоор хүн ам зүй, өрхийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлуудыг хийж гүйцэтгэж байна. "Бидний явуулж буй судалгааны ажлыг хүмүүсийн олонх нь бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргэх боломж гэж харж, идэвхтэй дэмжин оролцож байгаа" гэж судалгааны талбар дээр ажиллаж буй судлаачдын нэг нь ярьсан юм.
Эрчим хүч, ус хангамж зэрэг төрийн үйлчилгээг бага орлоготой, хөдөө орон нутгийн, амьдралын боломж муутай өрхүүдэд илүү хямд, хүртээмжтэйгээр хүргэх нь Мянганы Сорилтын корпорацын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад нийгмийн оролцоог хангах нэг томоохон хүчин зүйл юм. Үүний тулд оролцогч талуудтай зөвлөлдөж, хүн ам зүй, өрхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар, баримт судалгаанд суурилсан бодлогын шийдвэрийг дэмжих шаардлагатай.
Монгол Улсад хэрэгжүүлж буй Усны Компакт гэрээ нь нийгмийн хүртээмжит байдал, баримт судалгаанд суурилсан бодлого боловсруулалтыг эн тэргүүнд тавьсан хөрөнгө оруулалтын нэг тод жишээ юм. Компакт гэрээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амын унд, ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний усны эрэлтийг хангах, болзошгүй усны хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор усны салбарын дэд бүтцийг өргөтгөж сайжруулах бөгөөд улмаар сайжруулсан дэд бүтцийн хэвийн, үр ашигтай үйл ажиллагааг хангах үүднээс үнэ тарифт тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан тохиолдолд ч хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцсэн үнээр ус хангамжийн үйлчилгээг хүргэхэд энэ Компактын нийгмийн хүртээмжит байдлыг хангах гол зорилго оршиж байгаа юм. Түүнчлэн усан хангамжийн үйлчилгээ үзүүлэгчид, бодлого боловсруулагчид нийслэлийн бүх давхаргын айл өрх, иргэдийн эрэлт хэрэгцээ, асуудлын талаар зохистой ойлголттой байж, бодлого шийдвэртээ тусгаж явах нөхцөлийг хангах нь нийгмийн хүртээмжит байдлын асуудалд мөн хамаарах юм.
Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын иргэдийн усны хэрэглээний төвшин хотын аль хэсэгт оршин сууж буйгаасаа хамаарч харилцан адилгүй байдаг. Хотын төвд амьдардаг орон сууцны оршин суугчид нийтийн төвлөрсөн усан хангамжтай байдаг бол гэр хорооллын иргэд өөрсдийн оршин суугаа газарт хамгийн ойр ус түгээх байруудаас ундны усаа авахаас гадна нийтийн халуун усны газар, угаалгын газраар үйлчлүүлдэг. Гэр хорооллын оршин суугчид нийслэлийн хүн амын талаас илүү хувийг, амьдралын төвшин доогуур өрхийн дийлэнх хувийг эзэлдэг. Хэдийгээр тоогоор илүү ч гэр хорооллын оршин суугчдын усны хэрэглээ орон сууцны айлуудынхаас харьцангуй бага байдаг. Мөн төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд холбогдоогүй ч литр ус тутамд төвийн цэвэрлэх байгууламжид холбогдсон айл өрхүүдээс илүү өндөр төлбөр төлдөг. 2016 оны судалгаагаар, 2021 онд гэр хорооллын оршин суугчид хотын нийт өрхийн хэрэглээний усны долоогоос бага хувийг хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан байдаг.
Нийгмийн хүртээмжит байдлыг сайжруулах явц
Компакт гэрээний хүрээнд ус хангамжийг хүн бүрт хүртээмжтэй байлгах нөхцөлийг хангасан тарифын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ус хангамжийн байгууллага, усны үйлчилгээг зохицуулах зөвлөл болон голлох бодлого боловсруулагчдыг дэмжин чиглүүлэхийн зэрэгцээ усны хэрэглээндээ өртөг шингэсэн үнэ төлөх чадвартай хэрэглэгчдийн төлбөрөө цаг хугацаанд нь, зохин ёсоор төлөх нөхцөлийг бүрдүүлэх замаар дээрх ялгаатай байдлыг арилгахаар зорьж байна. Ус хангамжийн байгууллага санхүүгийн хувьд тогтвортой байх нь Улаанбаатар хотын усан хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах нэг чухал хүчин зүйл бөгөөд үүний тулд үйл ажиллагаа, засвар үйлчилгээ болон шинэ тутам хөрөнгө оруулалтын бодит зардлаа усан хангамжийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэхгүйгээр, эсвэл тарифын өөрчлөлт нь шударга бус байна гэсэн ойлголтыг олон нийтийн дунд төрүүлэхгүйгээр нөхөхүйц хэмжээний хангалттай орлого олдог болох явдал юм.
Компакт гэрээний нийгмийн оролцоог хангах үндсэн үйл ажиллагаа нь дөрвөн үе шаттай. Эхний үе шатанд Монголын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) 2020 оны 9, 10 дугаар сард Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын 5000 орчим айл өрхийн дунд төлбөр төлөх эрмэлзэл ("ТТЭ")-ийн судалгааг явуулсан. Судалгаагаар, хэрэглэгчийн нийгэм, эдийн засаг, усны хэрэглээний талаар мэдээлэл цуглуулахын зэрэгцээ усны төлбөрөө ирээдүйн боломжит тарифын хувилбаруудын дагуу төлөх эрмэлзэлтэй байгаа эсэх, түүнчлэн усны болон ус хангамжийн үйлчилгээний чанар, төлбөрөө төлөхтэй холбоотой асуудлуудаар иргэдийн саналыг сонсч, судалсан.
ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Энэ судалгаа усны салбарт цаашид хийж хэрэгжүүлэх олон төсөл, хөтөлбөр, судалгаа ажилд үндэс суурь нь болно... Монгол Улсын ҮСХ, Монголын Мянганы сорилтын сангийн энэхүү хамтын ажиллагаа нь судалгаанд суурилсан шийдвэр гаргах үйл явцын ач холбогдлыг олон нийтэд харуулах томоохон алхам боллоо” хэмээн ярьж байв. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь хувийн хэвшлийн судалгаа шинжилгээний компаниуд болон гадаадын зөвлөхүүдийн мэдээлэлд эргэлзээтэй ханддаг олон нийт болон бодлого боловсруулагчдын хувьд тоо баримт, тэдгээр суурилсан холбогдох шийдвэрт илүү итгэл үнэмшилтэй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Судалгааны ажилтан Компакт гэрээний нийгмийн оролцоог хангах үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын захын гэр хорооллын оршин суугчдаас мэдээлэл цуглуулж байгаа нь.
Бодлого боловсруулагчид Төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны үр дүнтэй 2021 оны зун танилцаж, үнэлэлт дүгнэлт хийснээр нийгмийн оролцоог хангах үйл ажиллагаа дараагийн үе шатандаа орох бөгөөд энэ шатанд Төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны нийгэм, эдийн засгийн байдал, усны хэрэглээний мэдээллийг ашиглан усны үнийн ялгаатай хувилбарууд харилцан адилгүй орлоготой орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн хувьд хэр зэрэг боломжийн, эсвэл хүндрэлтэй тусч байгааг үнэлэх юм. Үр дүнд нь тарифын ялгаатай хувилбаруудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулгарч болзошгүй айл өрхүүдийг тодорхойлох боломжтой болох бөгөөд эдгээр мэдээлэлд тулгуурлан төлбөрийн чадвар доогуур, бага орлоготой өрхүүдийг усны төлбөрөө төлөхөд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулахад бодлого боловсруулагчдад зөвлөмж өгөх юм. Улмаар гурав дахь үе шатанд хэрэглэгчдийн төлбөрийн чадвар, ус хангамжийн байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг аль алийг нь харгалзан Улаанбаатар хотын усны тарифын системийг шинэчлэх зөвлөмжийг бодлого боловсруулагчдад өгнө. Үйл ажиллагааны сүүлийн үе шатанд МСК нь ус хангамжийн байгууллага, усны үйлчилгээг зохицуулах зөвлөл, хотын захиргаа дээрх судалгааны үр дүн, өгсөн зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж хянаж ажиллана.
МСК-ын Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт нь ус хангамжийг нэмэгдүүлж, усны салбарын тогтвортой байдлыг сайжруулах замаар Улаанбаатар хотод нүүрлэж болзошгүй усны дарамт, хомстол, түүнээс үүдэх хямралаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. МСК нь Компакт гэрээний хэрэгжилтийн эхэн үеэс нийгмийн хүртээмжит байдалд анхаарлаа хандуулснаараа өнөөгийн бодит нөхцөл байдал, тэдгээрийн үр дагаврыг судалгаанд үндэслэн үнэлж дүгнэсэн тоо баримт, мэдээллээр шийдвэр гаргагчдыг хангах бөгөөд ингэснээрээ бодлого, шийдвэрүүд илүү үр дүнтэй байхыг боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Улаанбаатар хотын иргэд усны хангамж, хэрэглээтэй холбоотой асуудал, үзэл бодлоо илэрхийлж, бодлого боловсруулагчид иргэдийнхээ дуу хоолойг сонсох боломжтой болж байна.
Эх сурвалж: АНУ-ын Мянганы сорилтын корпорац
Шэрон Рожерс, МСК-ын Нийгэм, жендэрийн оролцооны асуудал эрхэлсэн захирал
https://www.mcc.gov/blog/entry/blog-042821-social-inclusion-in-mongolia-water-compact