Усгүй бол бизнесгүй

Wwf Logo 1986–2000 Edited

Дэлхий нийтийн анхаарлыг усны асуудалд хандуулдаг хамгийн том арга хэмжээ болох Дэлхийн усны 7 хоногийг жил бүрийн 8 дугаар сарын сүүлчээр Шведийн Стокгольм хотноо зохион байгуулдаг. 2019 онд энэхүү арга хэмжээ “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан доор болж өнгөрсөн. Гэвч бодит байдал дээр хүн бүрийг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар тэгш хангах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилт биеллээ олоход тун бэрх байна. Учир нь, өнөөдөр ойролцоогоор 2 тэрбум хүн усны нэн хомстолтой нутаг дэвсгэрт амьдарч байгаа бол дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь жил бүр хамгийн багадаа нэг сар усаар гачигдаж байна. Хүн амын өсөлт, хотжилт болон эдийн засгийн хурдтай хөгжлөөс үүдэн өсөн нэмэгдэж буй усны эрэлт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсран хомстолыг улам даамжруулах төлөвтэй байна.  

Тиймээс энэ эрсдэлийг хүн бүр тооцоолж, усыг зөв зохистой ашиглан, нийгэм болон байгалийн усны хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Хувийн хэвшил, тэр дундаа усны зарцуулалт өндөртэй салбарынхан уснаас маш их хамааралтай байдаг. Ихэвчлэн усны хомстол нүүрлэх өндөр эрсдэлтэй газар нутагт төвлөрдөг дэлхийн бөс даавуу, нэхмэлийн үйлдвэрлэл усны нөөцөд ихээр дарамт учруулдаг. Дэлхийн эдийн засгийн форум усны хомстолыг нийгэмд тулгамдаж буй эрсдэлүүдийн хамгийн эхэнд эрэмбэлж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн дөрөвдүгээрт жагсаасан байна. Товчхондоо, усгүй бол бизнесгүй.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) мэдээлэлд нэхмэлийн үйлдвэрлэл ихээр төвлөрсөн газар нутгуудад усны хомстол ямар ноцтой нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тодруулбал, нэхмэлийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 орны 7-д усны хомстолын бодит эрсдэл нүүрлээд байгаа бөгөөд хомстол үйлдвэрлэлд нь сөргөөр нөлөөлөхүйц түвшинд хүрээд байгаа аж. Эдгээр эрсдэл ихтэй бүс нь дэлхийн нэхмэлийн үйлдвэрлэлийн 58% буюу 446 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүнийг дангаараа үйлдвэрлэдэг. Тэгэхээр бизнесийн салбарт усны асуудлаас үүдсэн томоохон эрсдэл үүссэн нь тодорхой байна. Гол нь энэ асуудлыг шийдвэрлэх дорвитой алхам, хамтын ажиллагаа чухал шаардлагатай. Бодит өөрчлөлтийн гол түлхүүр нь хамтын ажиллагаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Эйч энд Эм (H&M) групп 2011 оноос эхлэн усны асуудлаар хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү түншлэлийнхээ хүрээнд хариуцлагатай усны хэрэглээг хэвшүүлэх чиглэлд төвлөрөн үйл ажиллагаа явуулж иржээ. Учир нь, усны асуудлыг  хэн нэгэн дангаараа шийдэх боломжгүй. Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачлан Хятад, Вьетнам, Энэтхэгийн хойд болон өмнөд бүс нутаг, Пакистан болон Турк улсад хэрэгжүүлж буй Хариуцлагатай усны хэрэглээний энэхүү хөтөлбөрт Эйч энд Эм (H&M) группээс гадна хэд хэдэн томоохон брэнд нэгдсэн байна. Энэхүү түншлэл, хамтын ажиллагаагаар дамжуулан тэд нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь усны менежментийг сайжруулах том зорилгын дор нэгтгэхээр ажиллаж байгаа аж.

Бэлэн хувцас, бөс барааны (хөнгөн үйлдвэр) салбар нь цэвэр усны тогтвортой хангамжаас хараат байдгийн дээр хүн ам, гол нуур, цэвэр усны экосистемийг тэжээдэг усны аюулгүй байдалд ихээхэн нөлөөлдөгөөрөө дэлхийн даяар тулгараад буй усны асуудлыг шийдвэрлэхэд тэргүүн эгнээнд явах учиртай. Тэгэхээр энэ салбарынхан асуудлын нэг хэсэг болох уу, эсвэл шийдлийн нэг хэсэг болох уу гэдгээ шийдэх сонголттой тулгараад байгаа юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Эйч энд Эм (H&M) группийн хувьд сонголт бол энгийн. Өнөөдөр бидэнд тулгараад буй усны асуудлыг аль нэг байгууллага дангаараа анхаарч ажиллах нь хангалтгүй. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан болон Эйч энд Эм групп нь бусад байгууллагуудтай хамтран усны хэд хэдэн сав газарт нэгэн зорилготойгоор ажиллаж эхэлжээ. Загварын болон нэхмэл үйлдвэрлэлийн салбарууд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, НҮБ-с гаргасан тогтвортой хөгжлийн 6-р зорилгыг биелүүлэх шийдлийн нэг хэсэг нь болох ёстой.

Эх сурвалж:

Дэлхийн байгаль хамгаалах сан

https://medium.com/@WWF/no-water-no-business-83d2906f7d6b

Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны багаас орчуулан хүргэж байна.