Усны бохирдлын нийгмийн өртөг

Gettyimages 897108122 Small.2e16d0ba.fill 1120x600

Ус нь дэлхий дээрх хамгийн түгээмэл байгалийн нөөц, мөн бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг юм. Бид усыг шууд ууж хэрэглэхээс гадна өдөр тутмын ахуйн хэрэгцээндээ, алжаал тайлахдаа, гоо сайхандаа ч ашигладаг. Түүнчлэн, ус нь биднийг тойрон хүрээлж буй байгаль, ан амьтан, биологийн олон төрөл зүйлийг тэтгэх төдийгүй, ус хэрэглэдэггүй хуруу дарам цөөхөн үйлдвэрлийг эс тооцвол бидний идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүх хоол хүнс, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ус шаардлагатай байдаг. Булаг шанд, гол горхи, нуур зэрэг усны эх үүсвэрүүд нь оршин буй байдлаараа, мөн байгалийн унаган төрхийг хадгалах үүрэг гүйцэтгэж буйгаараа үнэ цэнийг бий болгож байдаг. Усны эх үүсвэрүүд нь ихэвчлэн хүссэнээрээ авч хэрэглэх, амарч зугаалах, хуулиар зохицуулаагүй тохиолдолд бүр хогоо хаяж бохирдуулах ч боломжтойгоор олон нийтэд нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, усны бохирдол нь хүн төрөлхтний гадаад орчиндоо санамсаргүйгээр үлдээж байдаг нэг ул мөр бөгөөд ихэнх тохиолдолд төр, засгийн зүгээс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байдаг.

Бохирдлын асуудалд олон төрлийн хариу арга хэмжээ авах боломжтой. Ялгаруулсан бохирдлын хэмжээгээр татвар ногдуулах, бохирдлын дээд хязгаарыг тогтоох хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, технологийн стандартууд бий болгох болон бусад төрлийн зохицуулалтын арга хэрэгслийг ашиглан бохирдлын өртгийг бууруулж болно. Жишээ нь, бохирдлын дээд хязгаарыг төрөөс тогтоож өгсөн нөхцөлд бохирдуулагч нь дээд хязгаараас давсан бохирдлын хэмжээгээр нөхөн төлбөр, хураамж төлдөг. Гэвч эдгээр арга хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд юун түрүүнд бохирдлын өртгийн хэмжээг нарийн ойлгох шаардлагатай. Байгальд бий болсон бохирдол, үүссэн ул мөрийг хэмжиж, тодорхойлохдоо нийгэмд учирч буй нөлөөг нь тооцохоо ихэвчлэн орхигдуулдаг. Иймд байгалийн бохирдлын нийгмийн өртөг буюу бохирдол нэмэгдсэнээс үүдэн нийгэмд учирч буй хор хөнөөлийн өртгийг тооцох нь чухал юм.

Байгалийн бохирдлоос нийгэмд учирч буй сөрөг нөлөөг уур амьсгалын өөрчлөлтийн жишээн дээрээс хялбар ойлгож болно. “Нүүрстөрөгчийн нийгмийн өртөг” сэдэвт судалгааны бүтээлд ирээдүйн бохирдлын хэмжээ болон эдийн засгийн өсөлтийн төсөөллийг уур амьсгалын өөрчлөлтийн загварчлалуудтай харьцуулах замаар нүүрстөрөгчийн давхар исэл буюу хүлэмжийн хийн өсөлтийн тонн тутамдаа нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийн өртгийг тооцоолсон байдаг. Энэхүү судалгааны бүтээлд нүүрстөрөгчийн нийгмийн өртгийг мөнгөөр хэмжиж илэрхийлснээрээ бодлого боловсруулах болон нийгэм, олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэж, ойлголт өгөхөд чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.

Харин бохирдлын нийгмийн өртгийн асуудлыг усны чанартай холбогдуулан авч үзэхэд хүмүүс нүүрстөрөгчийн нийгмийн өртөгтэй харьцуулахад анхаарал хандуулах нь бага байдаг.

Энэ нь усны бохирдлын судалгаанд бохирдол бий болсон газар буюу “байршил” чухал нөлөөтэй байдагтай холбоотой бөгөөд үүнээс үүдэн бохирдлын нөлөөллийг тооцоолоход ярвигтай болдог. Өөрөөр хэлбэл, нүүрстөрөгч хүн ам олонтой хот газар, онгон зэрлэг байгаль, эсвэл аль хэдийнэ бохирдсон газар гээд хаана ялгарч байгаагаас үл хамааран нэг тонн нүүрстөрөгчийн нийгэмд учруулах хор хохирол, өртөг ижил байдаг бол усны бохирдлын тухайд эсрэгээрээ байдаг. Жишээ нь, томоохон ундны усны эх үүсвэрийн ойролцоох гол горхи, булаг шандыг химийн бодисоор бохирдуулах нь суурьшлын бүс, ундны эх үүсвэрээс хол зайтай гол, горхины бохирдлоос хавьгүй их хор хөнөөлтэй, нийгмийн өртөг өндөр байдаг. Үүнтэй адил төв суурин газар болон хөдөө аж ахуйгаас ялгарч буй азот, фосфорын бохирдол нь суурь бохирдол багатай буюу бохирдлыг задалж саармагжуулах хүчин чадал өндөртэй орчинд хор хөнөөл учруулах нь бага байдаг бол нэгэнт бохирдоод эхэлсэн, бохирдол задалж, саармагжуулах нь даац нь хэтэрсэн гол усанд илүү хор хөнөөлтэй байдаг.  

Усны бохирдлын хувьд нөлөөллийн хэмжээ нь тухайн бохирдол үүсч буй бүс нутгийн онцлогоос мөн хамаарч байдаг. Жишээ нь, Хүн ам олноор суурьшсан, ховордсон амьтан, ургамал ихтэй, эсвэл аялал жуулчлалын бүс нутагт бохирдлоос үүдсэн нийгмийн нөлөөлөл, өртөг бусад газартай харьцуулахад харьцангуй өндөр байдаг.

Энэ бүхнээс үзэхэд, усны бохирдлоос үүдэж буй нийгмийн нөлөөллийн өртгийг зөвхөн нэг бүс нутаг, эсвэл усны эх үүсвэр, мөн нэг төрлийн бохирдуулагчийн хүрээнд нарийвчлан тооцоолох нь өрөөсгөл. Харин бохирдлын эх үүсвэр, байгальд тархах байдал, экологийн үйлчилгээ буюу байгалийн үр өгөөжид үзүүлж буй нөлөөлөл, тухайн бүс нутгийн экологийн үйлчилгээ буюу байгалийн өгөөжийн үнэлгээ зэргийг цогцоор тодорхойлох шаардлагатай болдог. Товчхондоо, усны бохирдлын тухайд дан ганцхан нийгмийн өртөг гэсэн ойлголтыг салгаж ярих нь тийм ч оновчтой биш юм.

Усны бохирдлоос үүдэж буй нийгмийн өртгийг харуулсан схем

 зураг

Усны бохирдлын нийгмийн нөлөөллийн өртгийг харуулсан схем: Байгалийн бохирдлын нийгэмд учруулж буй нөлөө нь бохирдлын тархах цар хүрээ, усны чанарт үзүүлж буй сөрөг нөлөө зэргээс шалтгаалдаг (байгалийн, химийн болон биологийн үзүүлэлтүүдэд гарч буй өөрчлөлтөөр хэмжигдэнэ). Шинээр үүссэн бохирдлын төвшнөөс улбаатай нийгмийн нөлөөллийн өртөг нь усны чанарт гарсан өөрчлөлт тухай голын урсгалын дагуу болон доод урсгалын хүрээлэн буй орчны үр өгөөжид хэрхэн нөлөөлж байгаагаас шууд хамаарч мөн өөрчлөгдөнө.  Тодруулбал, хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг усан сангийн ус (сэлэхэд зориулсан), ундны цэвэр ус болон ургамал, ан амьтныг тэжээдэг цэвэр усны үр өгөөжид гарах өөрчлөлтүүд энд багтана. Үүн дээр нэмээд бохирдолд өртсөн байгалийн бусад үр өгөөжийн үнэ цэнэ буурч, алдагдах нь нийгмийн өртгийн өөрчлөлтөд шууд нөлөөтэй. Дээрх зурагт усны бохирдол хүмүүсийн аж байдалд хэрхэн нөлөөлж, нийгмийн өртөг бий болгож байгааг харуулав.

Схемийн хамгийн дээд талд байгальд гадагшилж буй бохирдлыг харуулж байна. Энэ түвшинд бохирдлын нийгмийн өртөг нь тухайн бохирдол гадагшилж буй байршил, бохирдлын хэмжээ, мөн төрлөөс ихээхэн шалтгаална. Бохирдуулагчийн хэмжээ, шинж чанар болон тухайн бохирдож буй орчны суурь нөхцөл байдлаас шалтгаалан байгалийн, химийн эсвэл биологийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт гардаг. Тухайн бохирдсон гол, горхины системээс хамаараад эх авдаг болон ойролцоох гол горхинд эдгээр өөрчлөлт гарч болно.

Байгальд бохирдол бий болсноос үүдсэн нөлөөлөл үүгээр хязгаарлагдахгүй, усан дахь хүчинтөрөгчийн хүртээмж, усны температураас эхлээд шим тэжээл, хорт бодисын агууламжид өөрчлөлт гарах хүртэл илүү өргөн цар хүрээг хамардаг. Биологийн нөлөөлөлд ургамал, амьтан устах, хувьсахаас эхлээд нян, зоопланктон, шавьжийн популяцад гарч буй  мэдэгдэхүйц өөрчлөлтүүд багтдаг. Эдгээр өөрчлөлт нь эргээд хүмүүсийн хүртэх байгалийн өгөөжид нөлөөлдөг. Байгалийн үр өгөөж нь уух уснаас эхлээд арилжааны загасчлал, гоо сайхан, амралт зугаа цэнгэлийн гээд хүний асар олон хэрэгцээг хангаж байдаг. Тэгэхээр байгаль бага боловч хэмжээгээр бохирдсоноор экосистемд мөнгөн дүнгээр илэрхийлж болдоггүй өөрчлөлтүүд ч гарч болно.

Усны чанар хэр чухал вэ? Хэдийгээр судлаачид болон төр засгийн байгууллагууд усны чанарын эдийн засгийн үнэ цэнийг ойлгох тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа боловч усны бохирдлын нийгмийн өртгийг тооцоолох болон тус өртөг нь байршлаас хамааран хэрхэн өөрчлөгдөж байдаг тал дээр ойлголт багатай байна. 

Усны чанарыг сайжруулснаар бий болох үр ашгийг тооцохтой холбоотой шинжлэх ухааны болон төрийн байгууллагууд усны бохирдлын нийгмийн өртгийг зугаа цэнгэл, аялал жуулчлалын өртөгтэй холбогдуулан судалсан байдаг. Үүний голлох шалтгаан нь дээрх үйл ажиллагаанд хамрах хүний тоо олон, мэдэгдэхүйц нөлөөлөл бий болгодогтой холбоотой юм. Харин цэвэр ус нь хүн амын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдэгт анхаарал хандуулахаа орхигдуулж буй тал бий. 

Гэхдээ усны хэрэглээ нь унд, ахуй, амралт зугаалга болон эрүүл мэндийн хэрэглээгээр хязгаарлагдахгүй. Арилжааны загасчлал, аж үйлдвэрлэл болон усан тээвэр ч бас уснаас шууд хамаарч, далайн эрэг болон томоохон голын сав газруудаар ихэвчлэн төвлөрсөн байдаг. Үүнээс гадна хүмүүс аливаа усны эх үүсвэрийг ууж хэрэглэдэггүй байсан ч усны чанар нь, тухайн усаар тэжээгдэж байгаа экосистем нь сайжирч байгааг сайшаан хүлээж авдаг.

Дүгнэлт: Усны чанартай холбогдох бодлого, журам боловсруулахад усны бохирдлын нийгмийн өртөг болон бохирдол үүсэж буй газар, байршлыг харгалзаж үзэх нь чухал ач холбогдолтой юм. Ийм хэмжүүрийг үндэсний болон бүс нутгийн хэмжээнд боловсруулахын тулд усны бохирдлын нийгмийн өртгийн талаар ойлголтыг илүү тодотгож, анхаарлын төвд оруулахын зэрэгцээ өмнө нь хийгдсэн судалгаануудаас холбогдох  тоо баримт, мэдээллийг цуглуулан ашиглах шаардлагатай. Нүүрстөрөгч болон агаарын бохирдлын нийгмийн өртгийн талаар ойлголтыг гүнзгийрүүлэхэд шинжлэх ухааны, төрийн болон бусад холбогдох байгууллагууд ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн ч усны бохирдлын нийгмийн өртгийн тухайд үүнтэй адил цогц судалгаа, тооцоолол дутагдаж  байна.

Усны бохирдлын нийгмийн өртгийг тооцоолох нь усны бохирдлыг хянах, бууруулахад авч буй арга хэмжээг хамгийн өндөр үр дүнтэй байлгах, үүний тулд нөөц бололцоогоо хэрхэн зөв зүйтэй хуваарилах бодлого боловсруулахад чиг баримжаа өгөх чухал ач холбогдолтой юм. Жил бүр л хэдэн арван тэрбум ам.долларыг эдгээр үйл ажиллагаанд зарцуулдаг болохоор үр өгөөжийнх талаар тодорхой ойлголттой болох, тэр дундаа хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцоолох нь хэзээ хэзээнээсээ илүү чухал болж байна.

Эх сурвалж:

“Resources” сэтгүүл

https://www.resourcesmag.org/archives/social-cost-water-pollution/

Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн оролцоог хангах багаас орчуулан хүргэж байна.