Ус ба эрүүл мэнд

Acc Pouring Water

Ус нь өнгө, үнэр, амтгүй, тунгалаг, энгийн химийн нэгдэл боловч олон янзын онцлогтой, дэлхий дээрх хамгийн өндөр хувирах чадвартай бодис билээ.

ХҮНИЙ БИЕД УС ЯМАР ТУСТАЙ ВЭ?

  • Амьдралын эх сурвалж бөгөөд хүний биеийн 65-70% нь уснаас тогтдог.
  • Хүний биед орсон эрсдэс, тэжээлийг уусгаж шингээгч гол бодис.
  • Биеийн дулааны солилцоог зохицуулах үүрэг гүйцэтгэдэг.
  • Бодисын солилцооны дүнд үүссэн хорт бодисыг биеэс гадагшлуулдаг.

УНДНЫ УСНЫ ЧАНАР БА ЭРҮҮЛ МЭНД

Ундны усны чанарыг эрүүл ахуйн үүднээс авч үзвэл найрлага нь хүний биед зохимжтой, усанд агуулагдах бичил элементүүдийн агууламжийн харьцаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой.

Хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөлийн 80%, нийт нас баралтын гуравны нэг нь чанарын шаардлага хангаагүй ус хэрэглэснээс үүддэг.

УСНЫ БОХИРДОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

 Усны бохирдол нь ямар нэгэн бодис усанд орсноос байгалиас тогтсон бүтэц, найрлага нь сөрөг өөрчлөлт илрэх явдал юм. Үүнд органик болон эрдсээс үүдэлтэй бохирдлууд орно.

  • Усны биологийн бохирдуулагчдад патоген буюу өвчин үүсгэгч нян, бактер, шимэгч хорхой, вирус ордог.
  • Химийн бохирлуулагчдад нитрит, хар тугалга, мишьяк болон цацраг идэвхит нэгдлүүд орно.

  ГЭРИЙН НӨХЦӨЛД УС ХЭРХЭН БОХИРДДОГ ВЭ?

  • Ус хадгалах, зөөвөрлөх савны бохир байдлаас болон усны савны цэвэрлэгээ хангалтгүйгээс
  • Ус хутгах тусгай шанагагүй байх болон ус авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байхаас
  • Усны эх үүсвэрийн эргэн тойронд хамгаалалтын бүс байхгүйгээс ил задгай ус мал, амьтан, хүний ялгадсаар дамжин
  • Таггүй саваар ус зөөхөд тоос, шороо, гарын бохирдол зэргээр дамжин ус бохирдоно
  • Усыг удаан хугацаагаар хадгалах нь бохирдуулах бас нэг шалтгаан
  • Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүйгээс мөн ус бохирдоно.

ГЭРИЙН НӨХЦӨЛД УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН АРГУУД:

  • Ус шүүх энгийн арга / булингартай усыг цэвэр, нарийн ширхэгтэй самбай даавуу хэрэглэн шүүж, усан дахь шавьж, хорхой, хөвж буй хатуу зүйлийг зайлуулж авч болдог/
  • Буцалгах арга / Усыг буцалгахад өвчин үүсгэгч бүх нян устдаг/
  • Нараар ус цэвэршүүлэх / усыг шилэн саванд хийж таглан үд дундын наранд байлгахад түүнд агуулагдаж буй өвчин үүсгэгч ихэнх нянг бүрэн устдаг/

УСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВ ДАДАЛ

  • Усыг зөвхөн буцалгаж хэрэглэх.
  • Түүхий ус хэрэглэхгүй байх
  • Гэрийн нөхцөлд усыг зөөвөрлөх, хадгалахад онцгой анхаарах
    • Ус зөөх сав нь цэвэрлэж, ариутгахад хялбар том амсартай байх
    • Усны савыг 7 хоногт 1-ээс доошгүй удаа бүрэн суллаж сайтар сойздон угаах
    • Ундны усыг тасалгааны температурт 3 хоногийн дотор хэрэглэж дуусгах
    • Өрхийн гишүүд бохир гар, бохир шанагыг усанд аль болох дүрэхгүй байх.
    • Усны савыг гэрийн тэжээвэр амьтнаас хол байлгах.
  • Бохир усыг муу усны нүхэнд хийж хэвших
  • Ундны усаа баталгаатай зөв газраас авах

Дээрх аргуудыг та өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж дадсанаар бохир уснаас үүдэлтэй халдварт өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлж чадна.

                                         Ус амьдралыг тэтгэгч - Чандмань эрдэнэ

Эх сурвалж:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв

http://shdemt.ub.gov.mn/new/?p=1516

Монголын МСС-ийн Санхүүгийн багаас орчуулан хүргэж байна.