Аливаа улс орон усны бодит нөөцийн хүрэлцээгүй байдал, эсхүл институцийн чадамж, дэд бүтцийн хангалтгүй байдлын улмаас хүн ам, эдийн засгийн усны хэрэгцээгээ хангах боломжгүй байдлыг усны хомстол гэж үздэг.
Эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт усны хомстол нүүрлэж байна. Өнгөрсөн зуунд дэлхийн хүн ам даруй хоёр дахин өссөнийг дагаад усны хэрэглээ ч эрчимтэй нэмэгдэж, олон бүс нутаг, ялангуяа хуурайшилт ихтэй бүс нутгуудад усны эрэлт хэрэгцээ боломжит нөөцийнхөө дээд хязгаарт хүрээд байгаа.
Түүнчлэн дэлхийн хотуудын хурдтай хөгжил хөрш зэргэлдээ газар орнуудынхаа усны нөөцөд дарамт учруулж буй нь усны хомстлыг улам хурцатгасаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, био-энергийн эрэлт хэрэгцээ ч мөн дэлхийн улс орнуудын хөгжил болон усны эрэлт хоорондын ээдрээтэй хамаарлыг илүү түвэгтэй болгох хандлагатай байгаа юм.
Нөгөөтэйгүүр, дэлхийн бүх улс орон усны хомстолд ороод байгаа гэж хэлж бас болохгүй. Зарим улс орон, бүс нутгийн хувьд хараахан хомстол нүүрлээгүй ч хомстлоос сэргийлэхийн тулд усны стрессээс үүдэлтэй тулгамдаж буй асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа.
Ус судлаачдын гаргасан тооцооллоор, аливаа улс орны боломжит ус хангамжийн жилд 1 хүнд ногдох хэмжээ 1700 куб метрээс доош орвол тухай улс усны дарамтад орсон, 1000 куб метрээс доош орвол усны хомстол нүүрлэж эхэлсэн, 500 куб метрээс доош орвол ноцтой хомстолд орсон гэж үздэг байна.
Тиймээс улс орнууд усыг шавхагдах, хомс нөөц гэж үзэн эрэлтийг оновчтой удирдахад анхаарал хандуулах ёстой. Энэ үүднээс Усны нөөцийн менежментийн нэгдсэн тогтолцоо нь (Integrated water resource management) нь дэлхийн улс орнуудын хувьд усны хэрэглээгээ бүх төрлийн хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээ (байгалийн хэрэгцээг оруулаад)-тэй уялдуулан удирдах ерөнхий чиг баримжаа болж байгаа юм.
Усны хомстол, стрессийн тоо, баримтууд
Дэлхий даяар 2 тэрбум гаруй хүн өндөр хэмжээний усны дарамттай орнуудад оршин сууж байна. (НҮБ-ын 2018 оны судалгаа)
(Усны хомстлын тоолуурыг дараах холбоосоор орж харна уу. https://worldwater.io/)
2040 он гэхэд дэлхийн 18-аас доош насны хүн амын дөрөвний нэг нь буюу 600 сая хүүхэд усны дарамттай бүс нутгуудад оршин суухаар байна. (НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2017 оны судалгаа)
2030 он гэхэд 700 сая хүн усны ноцтой хомстлоос шалтгаалан оршин суугаа газраасаа дүрвэн нүүхэд хүрнэ. (Дэлхийн усны институт 2013 он)
Дэлхийн нийт хүн амын гуравны хоёр буюу 4 тэрбум хүн жилдээ хамгийн багадаа нэг сарын турш усны гачигдалд ордог. (Мекконен ба Хоекстра, 2016)
Өнөөгийн цаг уурын өөрчлөлтийн хурдаар, 2030 он гэхэд бороо хур багатай болон хэт хуурайшилттай газруудаас дайжих хүмүүсийн тоо 24-700 саяын хооронд хэлбэлзэнэ. (НҮБ-ын Хүүхдийн Сан 2009)
Дэлхийн хамгийн том гүний усны ай савуудын гуравны нэг нь хэт өндөр дарамтад ороод байна. (Ричей 2015)
Дэлхийн хүн амын тэн хагас нь жилд хамгийн багадаа нэг сарын хугацаанд усны гачигдалтай нөхцөлд амьдарч байна. Энэ тоо 2050 он гэхэд 4.8-5.7 тэрбумд хүрэх магадлалтай. Усны гачигдалд өртөж буй нийт хүн амын 73% нь Ази тивд амьдарч байна. (Бүрек эт ал, 2016)
Эх сурвалж:
https://www.unwater.org/water-facts/scarcity/
https://www.un.org/waterforlifedecade/scarcity.shtml