Улаанбаатар хот, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сангийн Барууны эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй "Байгаль орчны сэтгүүл зүйн хөтөлбөр"-ийн оролцогч сэтгүүлч нарт Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар танилцууллаа. Мөн Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал, усны үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тус хөтөлбөрт Улаанбаатар хотоос 11, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 5 сэтгүүлч оролцож байгаа аж.
Танилцуулга сургалтын үеэр хөтөлбөрийн оролцогч сэтгүүлчид сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч Д.Нарантуяа:
- Компакт гэрээний тухай ойлголт, ач холбогдлыг монголчууд бид Мянганы сорилтын эхний Компакт гэрээг хэрэгжүүлсэн цагаас мэдэх болсон. Хоёр дахь удаагаа Компакт гэрээ хэрэгжүүлэх шийдвэр гарахад, тэр дундаа усны асуудлыг цогцоор нь шийдэхээр болсонд маш их баяртай байгаа. Өнөөдрийн сургалтаар Усны Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн ач холбогдол, хүрэхээр зорьж буй үр дүнгийн талаар, энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ямар ямар оролцогч талууд, хэрхэн ажиллаж байгаа талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо. Ялангуяа, зөвхөн төслийн хэрэгжилтэд анхаарахаас гадна байгаль орчин, нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзэж байгаа бодлогод нь маш ихээр олзуурхаж байна. Үр дүн нь манай улсын хөгжилд асар том нөлөө үзүүлэх, алс ирээдүйг харсан, нийгэм-эдийн засгийн олон чухал асуудлыг шийдэх төсөл гэж харж байна. Хамгийн гол нь Компакт хэрэгжээд дуусахад өөрсдөө илүү сайн чадавхжаад, цааш нь амжилттай аваад явах томоохон үүрэг хариуцлага бидэнд үлдэх нь ээ.
“Хоггүй Монгол“ ТББ-ын Гүйцэтгэх захирал, сэтгүүлч М.Бүжин:
- Ийм хэмжээний хөрөнгө оруулалт, тэр дундаа буцалтгүй тусламжийн санхүүжилт оруулж ирнэ гэдэг амаргүй. Энэ Компактын санхүүжилтээр улс орны хувьд амин чухал усны асуудлыг шийдвэрлэх гэж байгаад баяртай байна. Усгүй бол амьдрал үгүй гэдэг. Энэ Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд бүгд л манай улсын хувьд шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлуудад чиглэжээ гэж харж байгаа. Ялангуяа дахин боловсруулсан усыг дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэгцээнд нийлүүлж, цэвэр тунгалаг газрын гүний усаа хэмнэх гэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Цаашдаа дахин боловсруулсан усны хэрэглээ илүү өргөжих байх. Цэвэр тунгалаг ундны усаа жорлондоо урсгадаг манайх шиг улс одоо цөөхөн байгаа байх аа. Одоо энэ төсөл, хөтөлбөрүүдийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад талууд идэвхтэй оролцоод, ажиллаад яваасай л гэж бодож байна.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.