Улаанбаатар хот, 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр – Монгол Улсын Засгийн газрын Компакт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу боловсруулж, Засгийн Газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г Барилга, хот байгуулалтын яамны удирдлага дор холбогдох яамд, агентлаг, төрийн болон нийслэлийн харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерт Францын “Сэүрика” зөвлөх компани болон Монголын “Евро Хан" ХХК-ийн түншлэл шалгарсан бөгөөд зөвлөх үйлчилгээг эхлүүлэх уулзалт 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Уулзалтад АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын МСС болон Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч түншлэлээс гадна холбогдох яамд, төрийн болон нийслэлийн харьяа байгууллагууд, түүнчлэн боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгж, усны салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцов.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө“-г амжилттай хэрэгжүүлснээр шинэ Төв цэвэрлэх байгууламж болон Компакт гэрээний санхүүжилтээр барих Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй, Туул голын экосистемд тулгамдаж ирсэн бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтойг онцлоод, төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад сэтгэл, зүтгэл гаргаж хамтран ажилласан, мөн хариуцан, хамтран хэрэгжүүлж байгаа бүх талуудад гүн талархал илэрхийллээ.
Түүнчлэн энэхүү төлөвлөгөөний нэг чухал хэсэг болох гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр шалгарсан “Сэурика”, “ЕвроХан” компаниудын түншлэлийн хамт олонд амжилт хүсээд, “Та бүхэн хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр зөвхөн гэрээний үүргээ биелүүлээд зогсохгүй, Улаанбаатарчуудын ус хангамж, бидний уух усны ундарга болсон хатан Туул голыг бохирдлоос сэргийлж, үеийн үед цэвэр тунгалгаар нь үлдээх буянтай үйлс бүтээж байгаа гэдгийг зориуд тэмдэглэмээр байна” гэв.
АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Тина Юү энэ үеэр Компакт гэрээний санхүүжилт буюу МСК-ын буцалтгүй тусламж нь хязгаарлагдмал цаг хугацаатай бөгөөд төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусгахад бүх талуудын нээлттэй, ажил хэрэгч, идэвхтэй хамтын ажиллагаа чухал болохыг цохон тэмдэглэв.
Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон “Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээ-ний талаар уулзалтад оролцогчдод ерөнхий мэдээлэл өгсөн бол гэрээлэгч “Сэүрика” зөвлөх компанийн Төслийн захирал Фрэдэрик Лаказ ажил гүйцэтгэх төлөвлөгөөгөө, аргазүйг дэлгэрэнгүй танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд холбогдох яамд, төрийн байгууллагууд, үйлдвэр, аж ахуйн нэгж, усны салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл ажлын аргазүй, төлөвлөгөөнд санал, шүүмжээ хэлж, сонирхсон асуулт тавьж, асуултад Монголын МСС болон Зөвлөх Сэурика компани тус тус хариулт өглөө.
Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд одоогийн Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж буй хаягдал усны бохирдлын хэмжээг 2013 оны түвшин хүртэл бууруулах зорилго бүхий “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г АНУ-ын МСК-ын шаардлагад нийцүүлэн боловсруулж, батлуулах нь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газарт тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийн тайланг Монголын МСС-аар дамжуулан АНУ-ын МСК-д хүргүүлж байх үүргийг Компакт гэрээний дагуу хүлээж байгаа юм.
Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох бусад яам, агентлаг, нийслэлийн засаг, захиргааны байгууллагууд болон Монголын МСС-ийн хамтран тус төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй 60 арга хэмжээний тавны нэгийг Компакт гэрээний хөрөнгө оруулалтаас санхүүжүүлж байгаа юм.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.