Туул голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд тусгах боломжтой мэдээлэл солилцлоо

Dsc07653

Улаанбаатар хот, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн төсөл, хөтөлбөр хариуцсан захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд Туул голын сав газрын захиргаа(ТГСГЗ)-ны төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр болон түүний хэрэгжилтийн явцыг дэлгэрэнгүй танилцууллаа.  

Dsc07654

Dsc07657

ТГСГЗ нь тухайн сав газрын хэмжээнд усны нөөцийн хомстол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалт хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага бөгөөд Туул голын усны нөөцийн нэгдсэн менежментийн 2023 оноос хэрэгжих төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогдуулан энэ удаагийн уулзалтаар талууд тус төлөвлөгөөнд тусгах боломжтой мэдээлэл солилцов. 

Монголын МСС-ийн зүгээс хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаа нь Туул голын сав газрын нутаг дэвсгэрт буюу нийслэл Улаанбаатар хотыг хамрах тул талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллах, мэдээ мэдээллээ цаг тухайд нь харилцан солилцох нь Туул голын экосистем, цаашлаад Компактын хүрээнд хэрэгжих нийт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх замаар сав газрын усны нөөцийн тогтвортой байдлыг хангах, түүнчлэн Компакт гэрээг цаг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.