ТЕНДЕРИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Dsc 0079 Min

Улаанбаатар хот, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын МСС-д  “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ” үзүүлэх тендер шалгаруулалтыг зохион байгуулж буйтай холбогдуулан Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулж, сонирхсон компаниудад мэдээлэл өглөө.

Dsc 0091 Min

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Хуулийн ерөнхий зөвлөхийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуульч Б.Отгонбаяр “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ”-ний зорилго, цар хүрээ болон тавигдах шаардлагыг танилцуулав.

Dsc 0098 Min

Үргэлжлүүлэн тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлс, татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар мэдээлэл өглөө.

Төгсгөлд нь оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг танилцуулга мэдээлэл, хурлын тэмдэглэлийн хамт бүх оролцогчдод цахим шуудангаар илгээхээ мэдэгдэв.

###

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.