Улаанбаатар хот, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр – Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран (АмЧам) “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, АмЧам Монголын тэргүүн Гари Биондо тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.
Элчин сайд Ричард Буанган хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй сэтгэл зүрх нэг байгаа гэдгийг АНУ харж байгаа бөгөөд ард түмнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх ирээдүйг цогцлоож буй та бүхэнтэй хамт байгаагаараа бид бахархаж байна” гэлээ. Мөн тэрбээр нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсад хэрэгжүүлж буй Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ бол хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг болохыг онцлов.
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал (интерим) Д.Энхжаргал тус эрдэм шинжилгээний хуралд оролцож, Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр “Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ бол улс орны хөгжил, ард иргэдийн амьдралын амин чухал хэрэгцээ болсон ус хангамжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий, усны хомстолд орох эрсдэлтэй дэлхийн хотуудын нэг Улаанбаатар хотыг аюулгүй, найдвартай усаар хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулахын зэрэгцээ, дэлхийн дулааралд тэсвэртэйгээр дасан зохицох чадавхыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн, Америк, Монгол хоёр улсын Засгийн газрын чармайлтаар бий болж буй ухаалаг хөрөнгө оруулалт (climate-smart investment) юм” хэмээн тодотгов.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.