Улаанбаатар хот, 2024 оны 8-р сарын 8-ны өдөр - Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү болон албаны бусад хүмүүс Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-нд зочлон, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн мэдээлэлтэй танилцлаа.
Уулзалтын үеэр Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон төсөл хариуцсан захирлууд Компакт гэрээний санхүүжилтээр усны салбарт хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн хэрэгжилт, тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Талууд 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн АНУ-ын МСК, Монголын МСС-ийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар хэлэлцсэний дагуу Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, тэр дундаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ТЦБ-д нийлүүлж буй хаягдал усны бохирдлыг бууруулах “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө” болон усны салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрэгжүүлэх, шинэ Төв цэвэрлэх байгууламж болон Компактын бүтээн байгуулалтын ажлыг уялдаа холбоог хангах чиглэлд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
###
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.