Улаанбаатар хот, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр – Монгол Улсад хэрэгжиж буй Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний гурван төслийн нэг болох Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааг хэрэгжүүлэх билээ. Энэхүү дэд үйл ажиллагаа нь усны үйлчилгээний өртгийг бүрэн нөхөх зорилго бүхий Зардал нөхөх төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжин, хэрэглэгчид усны үйлчилгээний төлбөрөө өртөг нөхсөн тарифаар төлдөг болох дадал хандлагыг хэвшүүлэх зорилготой юм. Зорилтот дадал хандлагыг хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн 5000 өрхөөс авсан “Төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа”-ны олон нийтийн дадал хандлагын өөрчлөлттэй холбогдох тоо, мэдээллийг шинжлэх ажлыг Мянганы сорилтын корпорацын (“МСК”) зөвлөх компаниуд хийсэн юм.
Энэхүү суурь судалгааны үр дүнг танилцуулан, судалгаанд суурилан дадал хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор МСК болон Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”) нь оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн холбоо ТББ зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцов. Нийтдээ 50 гаруй оролцогч хэлэлцүүлгийн туршид идэвхтэй оролцов.
Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал Компакт гэрээ, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг танилцуулж, тэр дундаа Олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа нь Зардал нөхөх дэд үйл ажиллагаа болон Зардал нөхөх төлөвлөгөөний хэрэгжилттэй хэрхэн холбогдох талаар мэдээлэл өглөө. Мөн МСК-ын Нийгмийн болон дадал хандлагын өөрчлөлт хариуцсан захирал Алисон Монтгомери МСК-ын Нийгмийн болон дадал хандлагын өөрчлөлтийг хэвшүүлэх C-O-M (Чадавхи-Боломж-Сэдэл) элементэд суурилсан загварчлал гэж юу болох, нийгмийн болон дадал хандлагын өөрчлөлт (НДХӨ) нь Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт ямар ач холбогдолтой болох, Төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны мэдээллийг НДХӨ-ийн үүднээс шинжилсэн үр дүнг танилцуулж, тус үр дүнг хэрхэн цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах талаар мэдээлэл өглөө. Эдгээр илтгэлийн дараа оролцогчид сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. Улмаар оролцогчид багт хуваагдан судалгааны үр дүнгийн талаарх санал, сэтгэгдлээ солилцон, дүгнэлтээ бусадтайгаа хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт орон сууцны болон гэр хорооллын усны хэрэглэгчдийн төлөөллөөс бүрдсэн панель хэлэлцүүлэг болж, хэрэглэгчдийн төлөөлөл усны үйлчилгээ, төлбөр тооцоо хийхтэй холбоотой өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Үүний дараагаар оролцогчид төлөөлж ирсэн байгууллагаараа хуваагдан усны үйлчилгээнд төлбөр төлөхтэй холбогдох НДХӨ-ний талаарх алсын харааг Бодох-Мэдрэх- Үйлдэх загварчлалыг ашиглан тодорхойлох дасгал ажлыг хамтдаа хийж, усны үйлчилгээний талаарх хэрэглэгчдийн бодол, мэдрэмж, үйлдэлд оролцогч талууд ямар үүрэг гүйцэтгэдэг, юуг өөрөөр хийвэл зорьж буй үр дүндээ хүрч болох талаарх сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн туршид оролцогчид идэвхтэй оролцож, байгууллагууд тулгардаг сорилт, бэрхшээлийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, нийтлэг бэрхшээлүүдийг шийдвэрлэх саналуудыг хамтдаа эрэлхийллээ. Мөн оролцогчид МСК болон Монголын МСС-д тус хэлэлцүүлгийг зохион байгуулж, усны салбарын чухал асуудлуудыг хамтдаа хэлэлцэх боломжийг олгосонд талархлаа илэрхийлэв.
###
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.